sonin.mn
ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний чөлөөнд байгаа дэд адмирал Роберт Харуорд Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслахын албан тушаалд өөрийг нь томилох гэсэн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын саналыг хүлээж авсангүй. Энэ тухай пүрэв гарагт CBS телевиз мэдээллээ.
 
Эх сурвалжийн мэдээлснээр, Харуордын ийм шийдвэр гаргах болсон шалтгаан нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн аппаратын бүрэлдэхүүний талаар санал зөрөлдөж байгаатай холбоотой ажээ.
 
Дэд адмирал Харуорд өөрийн гэсэн багийг бүрдүүлэх гэсэн боловч үүнд нь Цагаан ордон татгалзсан хариу өгсөн байна. Үүнээс гадна, Харуорд одоо Үндэсний аюулгүй байдал хариуцсан туслахын орлогчоор ажиллаж буй Кэти Макфарланд-тай хамтран ажиллахаас татгалзсан бололтой. Майкл Флинн огцорсны дараа Кэти Макфарланд-ыг албан тушаалд нь хэвээр үлдээнэ гэж Д.Трамп амласан аж. Чухамхүү ийм санал зөрөлдөөнөөс үүдэн Харуорд дээрх шийдвэрийг гаргажээ.
 
Харуорд урьд нь Цагаан ордны дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн аппаратад терроризмтэй тэмцэх ажлыг хариуцан ажилладаг байжээ. Тэрбээр дайнд оролцож байсан туршлагатай, Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттистэй дотно нөхөрлөдөгөөс гадна Тегеран дахь Америкийн дунд сургуулийг төгсч, перс хэлээр чөлөөтэй ярьдаг нь түүний намтар дахь содон баримт юм.
 
О.Барс
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг