sonin.mn
Цагаан cap бол монголчуудын маш том баяр. Бид билгийн улирлын тооллоор шинэ хуучин жил солигдох шинийн нэгний өдрийг баяр ёслолоор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
 
Энэ нь өвлийг өнөтэй давж урин хавартай учран золгож, нэг нас нэмсний баяр юм. Монголчууд эртнээс нааш цаг тооллын өвөрмөц журмыг хэрэглэн дорно дахины нийтлэг он тоололтой нийцүүлэн хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд ёслон тэмдэглэх цагаан сарын баярыг XIII зууны үеэс намраас хаварт шилжүүлэн төр улсын их баяр ёслол болгожээ. Энэ цагаас цагаан cap нь нийгэм төрт ёсны болон ихэс өтгөс буурлаа хүндэтгэн золгох эрхэм зан үйлийн баяр болон уламжлагдан иржээ.
 
Энэ тухай “Дөрвөн төрийн арван буянт номын цагаан түүх” хийгээд бусад хууль цаазны бичигт бататган дурьдсан байна. Мөн Монголын их гүрний үед ирж байсан гадаадын элчин, жуулчны тэмдэглэлд монголчуудын хэрхэн шинэлж байгаа тухай тодорхой тэмдэглэн үлдээсэн баримтууд цөөнгүй. Цагаан сарын баяр нь Монголын нэгдсэн төр улс байгуулагдсан түүхэн үетэй ихээхэн холбоотой. Есен хөлт цагаан тугаа босгон их хуралдай хуралдсан тэр үеэс монголын харъяат аймгууд эзэн хаандаа олон тооны цагаан зүсмийн адуу, тэмээгээр мандал өргөн төрт ёсны сүр хүчийг үзүүлдэг байжээ.
 
Энэ өдөр ноёд тайж, баатар эрсээс эхлэн харц ардууд цагаан өнгийн хувцас өмсөцгөөн амар мэндээ эрэн золгоцгоож, цагаан өнгийн эд зүйлс бэлэглэн, найр наадам хийн цэнгэцгээнэ. Цагаан хувцас, бэлэг сэлтийг тэр жилдээ аз жаргалтай амар түвшин аж төрөхийн бэлгэдэл хэмээн бэлэгшээдэг. Түүхэнд бичихдээ гоё цагаан нөмрөгтэй олон заануудад шинийн нэгний цагаалганд зориулсан баялаг идээ ундаа, бэлэг сэлт ачаалан ирнэ гэжээ.
 
Хүйтний улиралд олон заан арчлан хамгаална гэдэг амаргүй л ажил байх, Богд хаан нэг заантай байсан, тэр нь хаан таалал болсны дараа удалгүй нүд анисан гэдэг. 1206 оноос эхлэн төрт ёсны хаврын баяр нь шинэ утга агууламжаар баяжин одоог хүртэл уламжлагдан иржээ. Анхны цагаан сараар Чингис хаан 88 гавъяатныг хөхүүлэн шагнаж байсан баримт ч бий. 1216 оны хулгана жилийн цагаан сараар Чингис хаан зарлиг буулгаж, улсын сан хөмрөгөөс шар алт мянган лан, цагаан мөнгө түмэн лан, зотон давуу арван түмэн хэсгийг гаргаж, жараас дээшхи настнуудад шатлалтай хувь хүртээн, нэг зуун арваас дээшхи настнуудыг надад бараадуул нэг зуун хориос илүү настанд “Их өтгөс” цол шагна хэмээн зарлигдаж, мөн таван их харгисаас бусад ялтанг хэлтрүүлэн тэдний ялыг нэгэн зэрэг хөнгөлж байжээ. 1911 онд Богд хаан ширээнд заларсныхаа дараа цагаан сараар зарлиг гаргаж, ялтнуудыг өршөөн хэлтрүүлж байжээ.
 
Богд хаант Монгол Улсын үед сайд, хан ноёд, хамба цорж, харц ардууд төрийн ордонд морилж, хаанд бараалхан золгож, шинэлэх, жагсаал ёсол үйлдэх тусгай дэг журамтай байв. Түүнчлэн шинийн нэгний өдөр дэмий сэлгүүцэх, их дуу чимээ гаргах, шахцалдан үймэлдэх зэрэг зохисгүй үйлдэл гаргахыг хуулиар хориглож байв.
 
Монголчууд төрсөн өдрийн баяр гэж тусгайлан тэмдэглэдэггүй, цагаан сараар нас нэмж, давхар тэмдэглэдэг эртний заншилтай. Социализмын хаалттай үед малчдын баяр гэдэг байсан, ахмад настантайгаа золгохдоо хадаг, цагаан даавуу барьж, нэгнийдээ очин идээ, хоол ундаа дэлгэж, тоглож наадацгаан баярладаг байсан. Цагаан cap нь монголчуудын амьдрал ахуйн нэг жилийн эхлэл хэмээн зүг мөрөө гарган элбэг дүүрэн байхыг бэлгэшээнэ.
 
Аливаа муу үг хэлэх, үйл хийхийг цээрлэж, асуудалтай хүмүүс хоорондоо учир зүйгээ ололцдог ёсон бий гэнэ. Одоогийн ардын уламжлалт ёсны цагаан сарын золголт нь заншлын хэлбэр нь нэлээд өөр болж том ирэгний ууц тавиад, архи дарсыг чөлөөтэй хэрэглэн, тамхи шүдэнз, оймс, шилэн аяга таваг гэх мэтийн юу ч хамаагүй бэлэглэдэг болсноор уламжлагдан ирсэн ёс заншил эвдэгдэн үгүй болжээ. Сэтгэлд нийцгүй, өөрт тааламжгүй шил толь мэтийн хэврэг зүйл бэлэглэх нь ардын ёс заншилд таарахгүй гэж үздэг тул гэртээ удаан байлгах нь зохимжгүй гэнэ.
 
XIII зууны үеэс эзэн Чингисийн тогтоосон төрт ёсны, ардын уламжлалт энэ баярыг орчин үед нь тохируулсан хууль, журам ард нийтээр дагаж мөрдөх баримт бичгийг төр засаг нь гаргамаар, тэгэхгүй бол хойшлох тутам энэ баярын үндсэн агуулга мартагдахад хүрнэ.
 
Чөлөөнд байгаа дэд хурандаа
Ё.ЦЭВЭЭНЖАВ
Эх сурвалж: "Соёмбо" сонин