sonin.mn
ПХЕНЬЯН. /Kyodo/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс /АЗ/ баталсан хориг арга хэмжээ авах тухай тогтоолын дагуу БНХАУ Умард Солонгосоос нүүрс импортлохоо зогсоосонтой холбоотойгоор Бээжингийн эрх баригчдыг Пхеньян битүүхэн шүүмжиллээ.
 
Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ өчигдөр Хятад улсын нэрийг нь дурдалгүйгээр буруушаасан мэдэгдэл гаргажээ.
Тус агентлаг мэдээлэхдээ “БНАСАУ-тай найрсаг харилцаатай хөрш гэж өөрийгөө тодорхойлдог нэгэн улс өнгөрсөн оны 11 дүгээр сард АЗ-ийн баталсан тогтоолын дагуу хоёр талын худалдааг бүрмөсөн зогсоох алхам хийлээ. Хориг арга хэмжээ нь ард түмний аж амьдралд сөргөөр нөлөөлөх учиргүй гэж онцлон тэмдэглэж байсан энэ улс манай улсын засгийн газрыг түлхэн унагаах зорилготой дайснуудтай адил алхам хийлээ” гэжээ.
 
Мөн тус агентлаг “мөнгөний урсгалыг хааснаар цөмийн зэвсэг болон тив алгасах баллистик пуужин үйлдвэрлэхээ БНАСАУ зогсооно гэж бодож байгаа бол эндүүрэл” гэжээ.
 
2017 оны хоёрдугаар сарын 19-нөөс эхлэн оны эцэс хүртэл Умард Солонгосоос нүүрс импортлохгүй гэж БНХАУ өнгөрсөн долоо хоногийн ням гарагт мэдэгдээд, НҮБ-ын тогтоолыг тууштай дагаж мөрдөхөө илэрхийлсэн билээ.
Тав дахь удаагаа цөмийн туршилт хийсэнтэй нь холбогдуулан Умард Солонгосын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах тухай тогтоолыг НҮБ-ын АЗ 11 дүгээр сард баталсан юм.
 
Уг тогтоолд “НҮБ-ын гишүүн улс орнууд Умард Солонгосоос жилд 7.5 сая тонн буюу 400 сая долларын мөнгөн дүнгээс давсан хэмжээний нүүрс импортлохыг хориглоно” гэж заажээ. Энэ нь хориг арга хэмжээ авахаас өмнө тус улсаас импортолж байсан нүүрсний тал хүрэхгүй хувь гэсэн үг. БНХАУ бол Умард Солонгосын нүүрсийг худалдан авдаг гол улс юм. Мөнгө, зэс, никель зэрэг ашигт малтмалыг Умард Солонгосоос импортлохыг мөн хориглосон байна.
Хятад улсын Умардаас импортлон авч буй барааны бараг тал хувийг нүүрс эзэлдэг ажээ. 
 
Нүүрсний экспорт нь Умард Солонгосын Засгийн газрын хувьд гадаад валют олж авах гол эх үүсвэрүүдийн нэг учраас Хятадын хориг нь Пхеньянд хүчтэй цохилт болно гэж шинжээчид үзэж байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг