sonin.mn
БЭЭЖИН./Xinhua/. Шувууны томуугийн “Эйч7-Эн9” вирус хүмүүст халдварлах нь нэмэгдэж байгаатай холбоотойгоор шувууны аж ахуйнуудын орчимд хатуу хөл хорио тогтоож, мэдээллийн ил тод байдлыг хангахыг БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцян үүрэг болголоо.
 
Хятад улсад өнгөрсөн нэгдүгээр сард 192 хүн шувууны томуугийн “Эйч7-Эн9” вирусийн халдвар авснаас 79 хүн нас баржээ. Энэ сар гарснаас хойш 8 хүн уг вирусээр нас бараад байна.
 
Тус улсын өмнөд болон зүүн нутгуудад уг вирусийн тархалт газар авч байна.
Энэ өвчний тархалтыг зогсоохын тулд бүрэн хэмжээний арга хэмжээ авахыг Ли Көцян эрүүл мэндийн салбарынхан болон мужуудын албаны хүмүүст үүрэг болгожээ.
Шувууны фермүүдийг ариутгаж халдваргүйжүүлэх, халдварын тохиолдол бүртгэгдсэн шувууны фермүүдийг хаах зэрэг арга хэмжээ авах аж.
 
Нийгэмд эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх үүднээс халдварын талаарх мэдээллийг хурдан шуурхай түгээж байхыг Ерөнхий сайд холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон байна.
 
2003 онд мэдээлэл дутмаг байсны улмаас Бээжин болон бусад хотод амьсгалын замын цочмог хам шинж хурдацтай тархаж, нийгэмд түгшүүр төрүүлж байсан юм.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг