sonin.mn
ОСЛО. /Futurism/. 2025 он гэхэд Норвеги улсад зөвхөн цахилгаан хөдөлгүүртэй автомашинууд л замын хөдөлгөөнд оролцоно. Ердөө найман жилийн дараа ийм үр дүнд хүрнэ гэдэг нь хэт том зорилт мэт сонсогдож магадгүй боловч тус улс энэ зорилгодоо хүрэхэд ойрхон байгаа аж.
 
Одоогийн байдлаар цахилгаан хөдөлгүүртэй автомашинууд Норвегийн автомашины зах зээлийн 37 хувийг эзэлж байна.
 
Норвеги улс 1990-ээд оноос хойш хорт хий ялгаруулдаггүй тээврийн хэрэгсэл ашиглахыг дэмжсээр иржээ. Энэ бодлогын хүрээнд цахилгаан автомашинуудыг НӨАТ болон импортын татвараас чөлөөлж, замын татварыг хөнгөлснөөр дизель хөдөлгүүртэй авто машинуудын үнэ илт нэмэгдэх болжээ.
 
Мөн цахилгаан автомашинууд хотын төвийн зогсоолуудад үнэгүй зогсч, нийтийн тээврийн хэрэгслүүд зорчдог эгнээгээр явдаг болж, замын төлбөр, хураамжаас чөлөөлөгдсөн байна.
 
Хорт хий ялгаруулдаггүй болон бага ялгаруулдаг автомашин нь ердийн автомашинаас эдийн засгийн хувьд ямагт хэмнэлттэй болохыг улс төрийн намууд онцолсоор байна. Норвегийн парламентын шийдвэрээр 2025 он гэхэд тус улсад борлуулах тээврийн хэрэгслүүд бүгд хорт хий бага ялгаруулдаг (хосолмол хөдөлгүүрт) эсвэл хорт хий огт ялгаруулдаггүй буюу цахилгаан болон устөрөгчийн хөдөлгүүртэй байх ёстой ажээ.
 
Хэт холын мэт санагдах энэхүү зорилгод зөв бодлого хэрэгжүүлснээр хүрэх боломжтой. Зорилгодоо хүрэхийн тулд тус улсын парламент “ногоон татвар” буюу байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа, хэрэглээг багасгахад чиглэсэн татварын бодлогоо улам чангатгах аж.
 
2016 оны сүүлчээр Норвегийн зам дээр хорт хий ялгаруулдаггүй 100 мянган автомашин зорчиж байсныг бүртгэсэн бөгөөд энэ тоо 2020 он гэхэд дөрөв дахин өснө гэсэн таамаглажээ. 5.2 сая хүн амтай тус улсын хувьд дээрх тоо бол чамлахааргүй үзүүлэлт юм.
 
Хэдийгээр Норвеги улстай адил тууштай биш ч гэсэн дэлхийн бусад улс орон үүнтэй төстэй бодлогыг хэрэгжүүлж, цахилгаан автомашины хэрэглээг хөхиүлэн дэмжихэд шаардлагатай дэд бүтцийг бий болгосоор байна.
 
Б.Мишээл
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг