sonin.mn
ЛОНДОН. /BBC/. Европын нисэх онгоц үйлдвэрлэгч Airbus консорциумын ашиг 2016 онд буурсан нь А400М загварын цэргийн тээврийн онгоцны эвдрэлийг засах зардал нэмэгдсэнтэй холбоотой ажээ.
 
Тус компанийн цэвэр ашиг 63 хувиар буурч, 995 сая евро болсон бол нийт орлого нь 3 хувиар өсч 66,5 тэрбум еврод хүрчээ.
Компанийн Ерөнхий захирал Том Эндерсийн хэлснээр, А400М-ийг засварлах зардал болох 2,2 тэрбум долларыг эс тооцвоос өнгөрсөн онд тус компанийн үндсэн зорилтууд биелсэн байна.
 
2 дугаар сарын эхээр А400М загварын нэг нисэх онгоц Каунасын /Литва/ нисэх онгоцны буудалд эвдэрчээ. Энэ онгоцонд Германы Батлан хамгаалахын сайд Урсула фон дер Ляйен сууж явсан байна.
 
2015 онд А400М онгоц Испанид туршилтын нислэг үйлдэж яваад осолдсоны улмаас нисэх багийн 4 гишүүн амиа алджээ.
“2017 онд  эрсдлийг бууруулж, уг загварын онгоцны найдвартай ажиллагааны түвшинг дээшлүүлэх нь тэргүүн зэрэгт тавигдах болно” гэж Ерөнхий захирал Том Эндерс онцоллоо.
 
Airbus-ын таамаглаж байгаагаар, энэ онд агаарын тээвэрлэлт өсөхийн хэрээр дэлхийн эдийн засаг өсөх ажээ.
2017 онд тус компани 700 гаруй нисэх онгоцууд үйлдвэрлэхээр захиалга аваад байгаа аж.
 
О.Барс
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг