sonin.mn
ЛОНДОН. /ВВС/. “Google” болон “Uber” компаниудын салбар хэлтсүүд жолоочгүй автомашины технологийг хулгайлсан хэргээр шүүхэд дуудагдаж магадгүй байна.
 
“Waymo” компанийн (Google-ийн бүрэн автомат машин зохион бүтээх хэлтэс) зүгээс “Otto” компанийг (Uber-ийн охин компани) буруутган Сан-Франциско хотын Холбооны шүүхэд зарга мэдүүлжээ.
 
“Otto” компанийг нууц бичиг баримт, технологийн эх хувилбарыг хадгалсан 14 мянган ширхэг файлыг хулгайлсан хэрэгт буруутгаад байгаа аж. Алдагдсан гэх файлуудад мэдрэгч системээр ажилладаг жолоочгүй автомашин бүтээх технологи байжээ.
 
Нэхэмжлэгчийн хэлснээр, технологийн хулгайг Энтони Левандовски гэгч үйлдсэн аж. Тэрбээр “Google” компанийн жолоочгүй машин зохион бүтээх төслийн удирдагчдын нэг байсан бөгөөд хожим нь “Otto” компанийг бусадтай хамтран үүсгэн байгуулсан байна.
 
“Waymo”-гийн нэхэмжлэлд “Левандовски энэ үйлдлээ урьдчилан төлөвлөсөн байсан гэж бид үзэж байна” гэж дурджээ. Тус компанийн үзэж байгаагаар, өрсөлдөгчид нь хулгайлсан файлуудаа ашиглан маш богино хугацаанд автомашины мэдрэгч системийг зохион бүтээсэн аж.
 
Уг технологийг ашиглахыг хориглох, түүнчлэн учруулсан хохирлоо нөхөн төлөхийг “Waymo”  компани  “Uber”-ээс шаарджээ. Хариуд нь “Uber” компани мэдэгдэхдээ “бид “Uber” болон “Otto” компанийн ажилтнуудыг буруутгасан үндэслэлүүдийг нухацтайгаар судлах болно” гэсэн байна.
 
Б.Мишээл
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг