sonin.mn
ВАШИНГТОН. /Nikkei/. Цагаан ордны Хэвлэл мэдээллийн албаны нарийн бичгийн дарга Шон Спайсерын хийдэг өдөр тутмын хэвлэлийн бага хуралд “CNN”, “The New York Times” болон бусад хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийг өчигдөр оруулаагүй байна.
 
Шон Спайсер бараг өдөр бүр хэвлэлийн бага хурал зохион байгуулдаг юм. Баасан гарагт болсон хэвлэлийн бага хуралд хэвлэл мэдээллийн байгууллагуудыг сонгон оруулж, камергүйгээр асуулт тавихыг л зөвшөөрчээ.
 
“CNN” телевиз үүнийг эрс эсэргүүцэн “энэ бол байж боломгүй хэрэг. Өөрсдийнх нь таалалд нийцэхгүй зүйл мэдээлсэн гэж бидний эсрэг ийм хариу арга хэмжээ авч байна” гэв.
 
“The New York Times” сонины ерөнхий редактор “өөр өөр намын олон засгийн түүхэнд Цагаан ордны хэвлэлийн бага хуралд хэвлэл мэдээллийнхнийг алагчлан оруулж байсан тохиолдол гарч байгаагүй. Үзээгүй юм аа үзэж байна” гэж ярилаа.
 
Дональд Трампын туслахууд ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Оростой холбоо тогтоохыг оролдсон гэсэн мэдээллийг үгүйсгэн няцааж өгөхийг Холбооны мөрдөх товчооноос Цагаан ордон хүссэн байна гэж “CNN” телевиз пүрэв гарагт мэдээлсэн юм.
 
Үүний хариуд Шон Спайсер “энэ бол ямар ч үндэслэлгүй, ташаа мэдээлэл” гэсэн билээ.
 
Д.Трамп сүүлийн үед хэвлэл мэдээллийн байгууллагуудыг шүүмжлэх нь нэмэгдэж байгаа бөгөөд “дайсны талынхан худал мэдээлэл тарааж байна” гэж нэг бус удаа хэлсэн юм.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг