sonin.mn

Дуучин, СТА С.Сэрчмаатай ярилцлаа

Эмэгтэй хүний амьдралын утга учир бол үр хүүхдээ төрүүлж, өсгөн хүмүүжүүлэх байдаг. Танд хоёр дахь үрээ өлгийдөн авсанд баяр хүргэе?

-Баярлалаа. 2017 он миний хувьд аз жаргал нэмсэн сайхан цаг хугацаа болж байна. Шинэ оны босгон дээр бяцхан охиноо төрүүллээ. Охиноо дүүтэй болгох тэр агшин надад юутай ч зүйрлэшгүй сайхан мөч минь байлаа. Охидоо хараад суухад амьдрал өөрөө дэндүү сайхан санагддаг шүү. Ээж минь дэргэд байгаа юм шиг дэндүү сайхан.

“Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” болж байна. Дуучин бүсгүй маань энэ баярыг хэрхэн тэмдэглэж өнгөрүүлдэг бэ?

-Энэ өдөр бүсгүйчүүдтэйгээ хамт дуу хууртай, баярын нулимстай, сэтгэлийн баясалтай өнгөрөөхийг хичээдэг. 2015 онд баярынхаа өдөр тоглолтоо хийж, бүсгүйчүүдтэйгээ  мартагдахын аргагүй тэмдэглэж байлаа. Харин энэ жил нялх биетэй, ээжийн үүрэг илүү нэмэгдсэн учраас зөвхөн найз бүсгүйчүүдтэйгээ баярлах бодолтой байна.

Та Зэвсэгт хүчний эмэгтэйчүүдийг хэрхэн дүгнэдэг вэ?

-Монгол цэрэгт эрэгтэй, эмэгтэй ялгаагүй төрөлхийн дайчин чанар нь байгаад байх шиг ээ. Манай хамаатнууд дунд дайнд оролцож явсан, одоо алба хашиж байгаа цөөнгүй хүн бий. Тэднийхээ тухай том охиндоо их ярьж өгнө. Ялангуяа, ээжийнх нь хамаатан тэр буурай эх орныхоо төлөө байлдаж явлаа гээд бахархал төртөл нь ярьж өгнө. Ахас дээдэс, ахмад буурлаа хүндэтгэх сэтгэлгээг нь төлөвшүүлэхийн тулд дайнд оролцож явсан буурайгаа дурсаж байгаа нь тэр. Монголын ирээдүй болсон багачууд маань багаасаа эх орон минь ямар үнэ цэнэтэй, дайсан халдвал зугтаах биш тэмцэх сэтгэлтэй байгаасай гэж хүсдэг. Тэр ч утгаараа ээж хүний хувьд охидтойгоо энэ сэдвээр яриа өрнүүлэх дуртай.

Дэлхийн халуун цэгүүдэд монгол цэргүүдийн тэсвэр хатуужил, ур чадвар, дасан зохицох байдал, сэтгэлгээ нь өндөр байдаг гэж олон удаа сонсч байсан. Халуунд халуун гэхгүй, хүйтэнд даарч байна гэхгүй эрчүүдтэйгээ зэрэгцээд ажиллаж байгаа эмэгтэйчүүдээрээ үнэхээр их бахархдаг. Эмэгтэй хүмүүсийн хамгийн хийморьлог, дайчин нь цэргийн албанд ажиллаж байна гэж хардаг даа. Дүрэмт хувцсаа дүрмээр нь цэвэрхэн өмсчихөөд тэвхийтэл ёслоод явж байгаа бүсгүй ямар сайхан харагддаг гээч.

Ер нь монгол бүсгүйчүүд амьдралын уламжлалт хэв маяг, бие бялдраараа гадаад орны эмэгтэйчүүдээс эрхгүй ялгардаг. Төгс талдаа гэсэн үг. Зарим орны бүсгүйчүүд эрчүүдээсээ бүрэн хамааралтай байдаг бол монголын эмэггэйчүүдийн багагүй хэсэг нь амьдралаа нуруун дээрээ үүрч яваа шүү дээ.

Эх орноо батлан хамгаалж буй залуустаа манай сониноор дамжуулан юу хэлмээр байна?

-Монгол Улсынхаа тусгаар тогтнолоо сахин хамгаалах үйлсэд бие, сэтгэлээ зориулан ажиллаж байгаа, ажиллаж байсан хүн бүрт танай сониноор дамжуулан “Үйлс нь өөдөө, хараа нь хурц, ухаан нь мэргэн, хүч чадал нь уул мэт байх болтугай” гэж ерөөе. Бас удахгүй болох "Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэнд хүргэе.

 

 

Эх сурвалж: "Соёмбо" сонин