sonin.mn
ЛОНДОН. /BBC/. Их Британийн агаарын тээврийн "British Airways" компани Европ руу нислэг хийдэг онгоцнуудынхаа суудлын эгнээ хоорондын зайг багасгахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр билетийн үнийг өсгөхгүй байх боломжтой ажээ.
 
Дараа жилээс эхлэн А320, А321 онгоцнуудын суудлын тоог “бага зэрэг нэмэгдүүлнэ” гэдгээ тус компани зарлажээ.
Дээрх онгоцнуудад нэмэлт хоёр эгнээ суудал тавих ба ингэснээр нийт суудлын тоо 12-оор нэмэгдэх аж. Суудлын эгнээ хоорондын зайг 2,5 см-ээр багасгаж 73 см болгосноор ийм боломж гарч ирж байгаа гэнэ.
 
Ингэснээр, British Airways-ийн зарим онгоцны сандлын эгнээ хоорондын зай Easyjet-ийн онгоцныхтой адилхан болох юм.
British Airways-ийн төлөөлөгч хэлэхдээ "уг арга хэмжээний үр дүнд онгоцны билетийн үнийг өсгөхгүй байх боломжтой" гэлээ.
 
Өнгөрсөн оны 11 сард British Airways компани алсын нислэг үйлддэг Boeing-777 онгоцнуудынхаа энгийн суудлын тоог нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгдэж байсан юм. Үүний дагуу нэг эгнээн дэх суудлын тоо 9 байсныг 10 болгон нэмэгдүүлэх ажээ.
 
"British Airways" компани нь А320 загварын 68, А321 загварын 18 нисэх онгоцтой юм.
 
О.Барс
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг