sonin.mn
 ПХЕНЬЯН. /ВВС/. Умард Солонгост байгаа малайзчуудыг тус улсаас гарч явахыг Пхеньян хориглосноор Ким Жөн Намын үхэлтэй холбоотойгоор тус хоёр улсын хооронд үүссэн дипломат маргаан улам хурцадлаа.

Пхеньян ийм шийдвэр гаргасны хариуд Умард Солонгосын ЭСЯ-ны ажилтнуудыг Малайзаас гарч явахыг Куала-Лумпур мөн хоригложээ.

Жөн Намын хэргийг Малайзын улс дангаар мөрдөн шалгаж байгаа нь Умард Солонгосын дургүйцлийг хүргэж байгаа юм.

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны эцэг нэгтэй ах Ким Жөн Нам өнгөрсөн сард Малайзад амиа алдсан билээ.

Малайз улс түүний үхэлд Умард Солонгосын Засгийн газрыг шууд буруутгаагүй боловч энэ хэргийн ард Пхеньян бий гэж таамаглаж буй хүмүүс олон байна.

Харин Умард Солонгосын тал үүнийг эрс үгүйсгэн няцааж “мөрдөн шалгалтыг зохих журмын явуулалгүйгээр манай улсын дайснуудтай үгсэн хуйвалдаж байна” гэж Малайзыг буруушааж байгаа юм.

Энэ маргааны улмаас хоёр улс Элчин сайдуудаа улсаасаа харилцан хөөгөөд байна.

Өнөө өглөө Солонгосын цахилгаан мэдээний төв агентлагийн /KCNA/ мэдээлснээр, Умард Солонгост байгаа Малайзын иргэдийг “аюулгүй байдлын шалтгаан”-аас үүдэн тус улсаас хэсэг хугацаанд гаргахгүйгээр шийдвэрлэжээ.

Эх сурвалж мэдээлэхдээ “Малайзад болсон хэргийг зохих журмын дагуу шийдвэрлэх хүртэл энэ хориг үйлчилнэ. Гэхдээ манай улсад оршин суугаа малайзчуудын өдөр тутмын ажил, амьдралд энэ хориг нөлөөлөхгүй” гэжээ.

Энэ мэдэгдлээс хэдхэн цагийн дараа Малайзын Шадар сайд Ахмад Захид Хамиди хариу мэдэгдэл хийхдээ “Умард Солонгосын ЭСЯ-ны ажилтан, албаны хүмүүсийг Малайзаас гарахыг хориглосон” гэлээ.

Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг