sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын кино урлагийг хөгжүүлэх сан”, “Өргөө” кинотеатр хамтран Кино урлагийн дээд шагнал олгох “IMAX AWARDS” ёслолын ажиллагааг ирэх сард зохион байгуулна.
 
Энэхүү ёслолын ажиллагаа нь Монголын уран бүтээлчдийн бүтээлийг дэлхийд таниулах, шилдэг кино бүтээхэд дэм болох, оюуны боловсролд нөлөөлөх хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой.
 
Тус ёслолын ажиллагааны шагналын цом зохион бүтээх уралдааны тэргүүн байранд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Инженер зураг төслийн зохион бүтээгч А.Соджаргалын бүтээл шалгарчээ. Нэг сая төгрөгийн шагналын сантай тус уралдаанд 10 гаруй уран бүтээлч оюун ухаан, ур чадвараа шингээсэн шилдэг бүтээлээрээ өрсөлдсөн юм.
 
2016 онд Монгол Улсад нийт 46 кино албан ёсоор нээлтээ хийснээс www.urgoo.mn сайтаар дамжуулан үзэгчдийн санал асуулгаар Шилдэг нүүр будалт, Шилдэг дууны найруулагч, Шилдэг дуу, Шилдэг хөгжим, Шилдэг туслах эмэгтэй дүр, Шилдэг туслах эрэгтэй дүр, Шилдэг зураглаач, Шилдэг зураач, Шилдэг зохиол, Шилдэг найруулагч, Шилдэг эмэгтэй гол дүр, Шилдэг эрэгтэй гол дүр, Шилдэг кино, Шилдэг дизайн, Залуу үед үлгэр дуурайлал үзүүлсэн бүтээл, Монгол өв соёлоо дээдэлсэн бүтээл туурвисан хамт олон гэсэн номинациар шилдэг бүтээлийг шалгаруулах аж.
 
Ж.Болор
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг