sonin.mn
АСТАНА. /КАЗИНФОРМ/. Энэ оны 6 дугаар сард болох парламентын сонгуулийн үеэр цахим хэлбэрээр санал хураалт явуулахаас татгалзсан шийдвэрийг Францын эрх баригчид гаргажээ.
 
Эл шийдвэр нь кибер аюул улам их болж байгаатай холбоотой аж. Францын Гадаад худалдаа, аялал жуулчлал, гадаадад байгаа иргэдийн асуудал эрхэлсэн сайд Маттиас Фекл-ийн хэлснээр, Мэдээллийн системийн аюулгүй байдлын Үндэсний агентлагийн өгсөн зөвлөмжийн үндсэн дээр уг шийдвэрийг гаргасан байна.
Санал хураалтын цахим системийг гадаадад амьдарч буй францчуудын сонгуульд оролцох эрхийг хангах зорилгоор анх 2012 онд нэвтрүүлэн туршжээ.
 
Францын парламентын сонгууль ирэх 6 дугаар сард болох бол Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг 4 дүгээр сарын сүүлчээр явуулахаар товлосон байна. Сонгуулийн  санал хураалтыг Францын Гадаад хэргийн яам хариуцан зохион байгуулах ажээ.
 
Ерөнхийлөгчийн сонгуульд “Үндэсний фронт” намын удирдагч Марин Ле Пен, Бүгд Найрамдах намын Франсуа Фийон, “Урагшаа!” намын нэр дэвшигч Эммануэль Макрон, Социалист намын Бенуа Амон гэсэн дөрвөн хүн өрсөлдөж байгаа юм.
 
Х.Сарнай 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг