sonin.mn
ЛОНДОН./ВВС/. “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн хүрээнд болсон дэлхийн эмэгтэйчүүдийн ажил хаялтад АНУ-ын Конгрессын эмэгтэй гишүүд нэгджээ.
 
АНУ-ын ажиллах хүчинд эмэгтэйчүүд чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг онцлон харуулах зорилго бүхий “Эмэгтэйчүүдгүй өдөр” жагсаалд Төлөөлөгчдийн танхимын Ардчилсан намын гишүүд нэгдсэн байна.
“Конгресс дахь эмэгтэйчүүд бид байр сууриа нэгтгэж, нэгдмэл байх нь чухал” гэж Конгрессын гишүүн Лоис Франкел хэлэв.
Ажилтнууд нь ажил хаялт зарласнаар АНУ-ын зарим дүүргийн сургуулиуд ажиллаагүй байна.
 
 
1908 онд ажлын орчин нөхцлийг сайжруулж, цалин хөлсийг нэмэгдүүлэхийг шаардан эмэгтэйчүүд жагссан тэр өдрийг НҮБ “Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр” болгон жил бүр тэмдэглэж байх шийдвэр гаргасан түүхтэй.
 
АНУ-аас гадна дэлхийн олон улс оронд эсэргүүцлийн жагсаал болжээ. Ирланд даяар эмэгтэйчүүд ажил хаялт зарлаж, үр хөндүүлэхийг хориглох тухай хуулийг эсэргүүцэж, хар хувцас өмсөн жагсаал хийжээ.
 
Польш улсад эмэгтэйчүүдийг хүчирхийлэлд өртөхөөс хамгаалж, эмэгтэйчүүдтэй эрх тэгш харьцаж, хүндэтгэхийг шаардсан жагсаал цуглаан болжээ.
Германы иргэний агаарын тээврийн “Lufthansa” компанийн мэдэгдсэнээр, “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг дэмжин дан эмэгтэйчүүдээс бүрдсэн зургаан нисэх баг нислэг үйлдэх аж. “Lufthansa”-гийн нисгэгчдийн ердөө зургаан хувь нь эмэгтэйчүүд гэнэ.
 
 
АНУ-ын Нью-Йорк, Филадельфи, Балтимор, Милуоки, Вашингтон, Беркли болон Калифорнид эмэгтэйчүүд баярынхаа өдрөөр жагсаал хийж, ажил хаялт зарлажээ. Тус улсад эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн авдаг цалингийн тавны дөрөвтэй тэнцэх хэмжээний цалин авдаг байна.
 
“Эмэгтэйчүүдийн эрхийг тууштай хамгаалагч, эрх тэгш байдлыг бий болгохын төлөө зүтгэгч” нэгэн хүнд Финландын Засгийн газар “Олон улсын хүйсийн эрх тэгш байдлын шагнал”-ыг гардуулж, 160 мянган доллар өгөх аж.
 
Балканы хойгт орших Монтенегро гэдэг жижигхэн улсад гурав ба түүнээс олон хүүхэдтэй эхчүүдэд төрөөс олгодог тэтгэмжийг хассаныг эсэргүүцэн хэдэн зуун эмэгтэйчүүд жагссан бол Румынд хамтран амьдрагчийнхаа гарт амиа алдсан эмэгтэйчүүдийн дурсгалыг хүндэтгэн цэцэг өргөж, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхийг уриалжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг