sonin.mn

 Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нарын Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн шүүхүүдэд ажиллах томилолт үргэлжилж байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны ажлын тайланг танилцуулж яваа тус томилолтын ажлын хэсэг энэ сарын 07-ны өдөр Сүхбаатар аймаг дахь шүүхэд ажиллав. 60 гаруй мянган хүн амтай тус аймагт Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өнөөдрийн байдлаар нийт 11 шүүгч, 25 шүүхийн захиргааны ажилтан ажиллаж байна. Дөрвөн шүүхийг харьяалах тамгын газрыг шүүхийн байгууллагад 26 жил ажиллаж буй туршлагатай Ц.Ганхуяг энэ үеэр " 14 жилийн өмнө Монголд анх удаа шүүхийн стандартын дагуу баригдсан хоёр давхар байр нь өнөөгийн нөхцөлд багадаж буй"-г тайлбарлав. Шүүхийн шинэтгэлийн хүрээний бүтцийн өөрчлөлтүүдээр шүүгч, шүүгчийн туслахын орон тоо нэмэгдсэн.

Үүнтэй уялдаж ажлын байрны багтаамж хүрэлцэхгүй болж байна. Одоогоор хүүхэд хамгааллын өрөөг эвлэрүүлэн зуучлалын уулзалтын өрөө, гэрч хохирогчийг хамгаалах өрөө болгон давхар ашигладаг. Мөн шүүгч ажилчдын ажлын өрөө хүрэлцэхгүй байгаа тул нэг шүүгчийг сервер байрлаж байсан өрөөнд тусгай хаалт хийж суулгасан. Мөн нэг өрөөнд Тамгын газрын 2-3 ажилтан сууж байна. Иймд зайлшгүй барилгын өргөтгөл хийх шаардлагатай. Дээврийн засварыг 2008, 2016 онуудад тус тус нийт 54,490,000 төгрөгөөр хийсэн. 2014-2015 онд  дотоод урсгалаар  засварласан. 2016 онд Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт орж, орон нутагт давж заалдах шатны шүүхийн шүүгчид шилжин ирж ажиллахтай холбогдуулан шүүгчдийн ажлын өрөөг бэлтгэх зохион байгуулалтын ажлын хүрээнд 8,2 сая төгрөгөөр "Алдрын танхим” нэртэй хэсэг талбайг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн өрөө болгосон.

Одоо хоёр давхрын коридорын болон подвалын засвар хийх,  барилгын гадна тал, дулааны болон цэвэр усны системийг бүрэн шинэчлэх шаардлагатай байна. Зарим өрөөний пар, турба элэгдлийн улмаас  хүндрэл үүснэ гэж мэргэжлийн байгууллага дүгнэсэн зэргийг танилцуулав. Мөн Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын дунд шүүгч нар  томилолтоор их явдгаас шалтгаалан унаа машины эдэлгээ ашиглалтаас гартлаа муудсаныг ч дуулгав. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж  нийт шүүхийн хэмжээнд үлдэцтэй томоохон бүтээн байгуулалтанд хөрөнгө хуваарилах бодлого болон хөдөө орон нутгийн шүүхүүдийн машинд парк шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай болсныг анхааралдаа авна гэв.

Тус аймгийн  шүүн таслах ажлын тайлангийн онцлох мэдээллийг шүүх тус бүрээр үзэхэд эрүүгийн гэмт хэргийн төрлөөр хулгай, танхай, хүн амины, авто ослын хэргүүд сүүлийн 3 жилийн байдлаар буурсан бол хүчингийн хэрэг өсчээ. Сүхбаатар аймаг дахь 4 шүүх өнгөрөгч онд нийтдээ 500 гаруй хэрэг маргаан хянан шийдвэрлэсэн байна. 2016 оны жилийн эцэст шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид шинээр 365 өргөдөл хүлээн авснаас 210 өргөдөлд эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд жилээс жилд иргэдийн хандалт өсч байгаа тус аймагт сурталчилгаа бодит мэдээллийг идэвхтэй түгээхийг Н.Лүндэндорж дарга анхаарууллаа.

Иргэдийн төлөөлөгчийн оролцооны хувьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдэд 2016 онд нийт 150 иргэдийн төлөөлөгчдийн нэрсийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар баталснаас эрүүгийн хэргийн шүүхэд 27, иргэний хэргийн шүүхэд 4, захиргааны хэргийн шүүхэд 2, нийт 33 бүрэлдэхүүнтэй хэрэг хянан шийдвэрлэгдсэн бөгөөд 36 иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцжээ.

Сонгогдсон иргэдийн төлөөлөгчдөд сургалтыг удаа дараа явуулсны үр дүнд иргэдийн төлөөлөгчөөс шалтгаалан шүүх хуралдаан хойшилсон тохиолдол гараагүй нь эерэг мэдээ байв.  Н.Лүндэндорж Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны ажлыг тайлагнахдаа "Монгол орны өнцөг булан бүрт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд биечлэн энэхүү тайланг танилцуулах ажил нэгэн зэрэг хийгдэж байна. Шүүхийн шинэтгэлийн томоохон үр дүнг нэгэн дуугаар зоригтой хэлэх ёстой. Бид 2016 онд Монголын шүүхийн түвшинг дэлхий нийтэд үнэлүүлж чадсан.

Ингэж үнэлүүлсэн 5 дахь орон болсон нь та бидний хамтын хичээл зүтгэл. Монгол Улсын Ерөнхийлөгч шүүхийн шинэтгэлийн ололтыг шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, өндрөөр үнэлсэн. Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүнг өнөөдрийг хүртэл олон нийт, хэвлэл мэдээллээр хэн ч үгүйсгэж, няцаагаагүй" гэлээ. Тайлангийн дараа  Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 онд шүүхийн номын санд шинэ номын цомгийг "Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн” дурсамжийн хамт бэлэглэв.

Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг