sonin.mn
НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Юта муж улсын захирагч асан Жон Хантсман АНУ-аас Орос улсад суух элчин сайдаар ажиллах саналыг зөвшөөрөн хүлээн авчээ. Энэ тухай лхагва гарагт NBC телевиз мэдээллээ.
 
Хантсман өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Теллерсонтой уулзаж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын туслахтай холбоо барьсан төдийгүй Ерөнхийлөгчтэй биечлэн уулзсан байж магадгүй аж.
 
Үүнээс өмнө Politico сонинд бичсэнээр, энэ долоо хоногийн эхээр Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-аас ОХУ-д суух элчингээр ажиллах саналыг Ж.Хантсманд тавьжээ.
Тус сонинд мэдээлснээр, Хантсман уг албан тушаалд ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн хариугаа Цагаан ордонд ирүүлэх ёстой аж. Үүний дараа Цагаан ордон түүний нэрийг элчин сайдын албан тушаалд дэвшүүлж байгаагаа албан ёсоор мэдэгдэх бөгөөд үүний дараа Сенатаар батлах ёстой.
 
Энэ сард 57 нас хүрч буй Хантсман хятад хэлтэй бөгөөд 1992-1993 онд Сингапурт суух элчин сайд, 2005-2009 онуудад Юта муж улсын захирагч, 2009-2001 онд БНХАУ-д суух элчин сайдаар тус тус ажиллаж байжээ.
 
2011 оны 5 дугаар сард тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэрээ дэвшүүлэх бодолтой байгаагаа мэдэгдэж байв. 2012 оны 1 дүгээр сард Хантсман сонгуульд нэр дэвших өрсөлдөөнөөс гарч, Митт Ромниг албан ёсоор дэмжиж байгаагаа мэдэгдсэн байна. М.Ромни сонгуульд Ардчилсан намын Барак Обамад ялагдсан билээ.
 
2012 онд сонгуулийн кампанит ажлын үеэр Хантсман Обамагийн санал болгосон АНУ-Оросын харилцааг “дахин шинээр эхлүүлэх” бодлогыг шүүмжилж байжээ.  Кремлийг өөрийнхөө түнш гэж үзэж байгаа мэт дүрийг АНУ эсгэсээр ирсэн гэж тэрбээр хэлж байв. Хантсманы хувьд, зэвсэглэлд хяналт тавих хүрээнд Вашингтон, Москва хоёр хамтран ажиллах нь чухал гэж үздэг байсан бөгөөд "гэхдээ хоёр орны харилцааг илүү бодитойгоор дүгнэх хэрэгтэй" гэж байлаа.
 
Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Хантсман одоогийн Ерөнхийлөгчийг хэд хэдэн удаа шүүмжилж байсан боловч эцэст нь Трампыг дэмжихээр шийджээ.
 
О.Барс
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг