sonin.mn
 Энэлж шаналсан орчлонгийн олон амьтныг өрөвдөн хайлсан Аръяабалын нулимсан дусал газарт унаж, түүнээс лянхуа цэцэг ургахад дотроос нь Цагаан дарь эх бурхан мэндэлсэн домогтой.

Богд хааны музейд “Цагаан дарь эх” сэдэвчилсэн үзэсгэлэн болон “Нэг өдрийн цагаан дарь эх” бурхан бүтээх үйл ажиллагаа шинийн найманд боллоо.

Орчлонгийн сайн явдалт хүмүүнийг тэтгэж, муу явдалтныг өршөөн нигүүлсэх бүхий л бурхан, хутагт хувилгаадын эх хэмээгддэг Цагаан дарь эхийг бүтээх үйл ажиллагаа нь тав дахь жилдээ ийнхүү болж байна.

1920-иод оны шинийн наймны өдөр Их хүрээнд Цагаан дарь эхийг бүтээдэг байсан уламжлал бий. Цагаан сарын шинийн найманд тамын хаалга хаагдаж Цагаан дарь эх, Манал зэрэг бурхад замбуутивд залардаг учиртай. Дээрх уламжлалын тухай судлаач Д.Дамдинсүрэн “Их хүрээний нэртэй урчууд” номондоо “Өндөр гэгээн Занабазарын зурсан 45х35 см хавтгай дөрвөлжин буюу үзүүр тохой хэмжээтэй Цагаан дарь эхийн загвар зургаар 1924 оныг дуустал сар бүрийн шинийн найманд “Цагаан дарь эхийг” өдөрт нь багтаан зурж бүтээдэг уламжлал байсан бөгөөд одоо ч манай музейнүүдэд уг бүтээлүүд хадгалагдсаар байдаг" аж.

"Цагаан дарь эх"-ийн хамаг амьтныг зовлонгоос аврах нигүүлсэхүй сэтгэл нь эх хүний үр хүүхдээ гэсэн сэтгэлээс ч илүү хүчтэй байдаг хэмээн шашны номонд өгүүлсэн нь бий.

Жанрайсэг бурханаас дамжин эдүгээд ирсэн дарь эхийн залбирал, мөргөл, тахилгын судар нь өгүүлшгүй тус эрдэмт агаад хилэнц бүгдийг машид амирлуулагч, муу заяа бүгдийг даран сөнөөгч алх мэт, ад хийгээд халдварт өвчин, зовлонгийн галт гууг даран туслагч болохыг магтан сайшаасан буй.

Үзэсгэлэнгийн танхимд сэтгэл тунгалагшихуй

Цагаан дарь эхийн хөргийг ХХ дугаар зууны эхэн үед хутагт хувилгаад, сүсэгтэн олон ихээр бүтээж тахин шүтдэг байжээ. Үүний томоохон жишээ нь үзэсгэлэнгийн танхимд өглөөтэй буй Цагаан дарь эхийн хөрөг, баримлууд юм. Үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүд бүгд өнгөрсөн зууны үеийнх.

Занбазарын сургуулийн үед бүтээгдсэн дарь эхийн хөргүүдийг хоёр шилэн хоргонд тусгаарлан залж тавьжээ. Тус музейд 70 гаруй Цагаан дарь эхийн хөрөг, цутгамал хадгалагдаж байна.

XIX зууны сүүл ХХ зууны эхэн үед хамаарах торгон дээр шороон будгаар зурсан Цагаан дарь болоод зээгт наамал, гуулин хөөмөл, чулуун дээрх сийлбэр, оюу, номингоор чимэглэсэн бурхан урлаачдын бүтээлүүдийг дэлгэжээ.

Зураг дээр Цагаан дарь эх бурханы лагшин цагаан өнгөтэй, хоёр мутрын зүүнээр удвал цэцгийн ишийг барьсан нь найман аюулаас аврахын бэлгэдэл, зүүн мутар өгөхүйн байдлыг үзүүлсэн нь хүссэн бүгдийг хайрлахыг бэлгэдсэн бөгөөд хоёр хөл очир завилгаатай ба бүхнийг болгоох долоон мэлмийтэйгээр заларсан байх ажгуу.

Зохиолч Г.Аюурзана “Есөн эсээ” бүтээлдээ “Үнэндээ нотолж болохгүй ойлголт бурхан шүү дээ. Тэгэхээр хэн ч, Фалес ч, Сократ ч, Гегель ч нотлоогүй” гэж бичсэн байдаг. Тэгвэл яагаад бурхан бүтээж залдаг, мөргөж залбирдаг вэ? гэсэн асуулт урган гарна. Гэвч эцэстээ бурхан бидний итгэл найдвар, амьдралыг тэтгэгч агуу их хүч болж өгдөг. Хүн өөрийгөө ойлгож, дотоод дуу хоолойгоо сонсоход нь “бурхан” тусалдаг. Маргааш өнөөдрөөс илүү сайхан болно гэдэгт биднийг итгүүлж ирээдүйгээ өөдрөг сэтгэлээр харах хүч хайрладаг. Тэгээд ч бидний хэн нэгэн маань бурхан байдаг гэж ярьцгаадаг шүү дээ.

Дарь эхийн хөрөг, баримлууд нэг дор ийнхүү олноор заларсан байхыг үзэж алхахуй дор элдэв асуудалд үл санаа зовон сэтгэл тунгалагшиж байв. Хүнд үе тохиолдсон ч билүүдсэн мэт зовлонгийн дундуур улам цэх алхаж урагшилмаар санагдана.

Дарь эхийн хөрөг ба Монгол зургийн онцлог

Бурхан бүтээх үйл ажиллагаа, зохион байгуулагчдын зүгээс гаргасан шийдвэр нь нарийн учир шалтгаантай. Учир нь тэд энэ удаад СУИС-ийн “Монгол зургийн анги”-тай хамтран төгсөх болон гуравдугаар дамжааны оюутнуудаар Цагаан дарь эхийн хөргийг бүтээлгэсэн билээ. Монгол зурагт дүрслэгддэг хээ хуар, чимэглэл, бурхны зурагт маш нарийн тусгагдаж өгдөг учир энэхүү сонголтыг хийсэн болов уу.

Францын нэрт урлаг судлаач Нийл Бегин "Г.Занабазар бол дорно дахины дүрслэх урлагийн аугаа их мастер мөн" гэж бичжээ. Гол нь түүний бурхны хөрөг бүхий бүтээлүүдэд монгол хүний сэтгэлгээний онцлог, монгол уран зургийн элементүүд нэвт шингэсэн байдаг.

Их Монгол Улсын үеэс манай дүрслэх урлагт Ази Европын орнуудын урлан дүрслэхүйн арга барил, бүтээл туурвилын нөлөө ямар нэг хэлбэрээр тусч баяжин хөгжиж ирсэн нь хожмын сод бүтээлчид, дэлхийн түвшинд үнэлэгдэх гайхамшигт бүтээл туурвихын угтал болсон билээ. Өндөр гэгээн Г.Занабазарын бүтээсэн Очирдарь, Цагаан дарь эх бурхны хөрөг, Язгуурын 5 бурхны хүрэл баримал, суварга зэрэг бүтээлүүдийг өрнө дорнын соёлт орнууд шагшин үнэлж, дэлхийд үнэлэгдэх урлагийн сод бүтээлд бүртгэн хамгаалж буй.

Г.Занабазар хутагт, шашны урлахуйн ухаанд энэрэнгүй дүр төрх, бодит амьдлаг шинж байдлыг шингээж, хүрэл цутгуурын аргыг хэрэглэснээр уран баримал болон бурхны хөрөг бүтээх тусгайлсан дэг жаягийг бий болгожээ.

Тэгээд ч Цагаан дарь эхийн завилан суусан бадам цэцгийн мандал, цаагуур нь урсах ариун рашаан, үүлс, хувцасны хээ хуарыг бүтээхдээ өнгөрсөн үеийн түүх соёл, уран бүтээлчдийн арга барил ор мөргүй арилах бус харин ч шинэ зүйлсээр баяжин үргэлжилсээр буйн бодит илрэл юм.

Цэвэр өнгөнд ч нарийн төвөгтэй задаргааг оруулж, гэрэл сүүдрийг хослуулан чөлөөтэй нялж зурсан зургууд сэтгэл хөдлөм, гэрэл гэгээтэй болдог юм. Хүн байгалийн хоорондын шүтэлцээ, дорно дахины эрчимт сэтгэхүйгээр бүтээлээ туурвидаг ард түмэн бол Монголчууд гэдгийг бурханы хөргүүдээс харж болно. Саруул цагаан царайндаа зөөлөн мишээл тодруулсан очир завилгаатай, оройн дээд Цагаан дарь эхдээ мөргөмүй.

Б.Алтанхуяг
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг