sonin.mn
ГВАТЕМАЛ. /BBC/. Гватемал улсын нэгэн асрамжийн газарт гарсан гал түймрийн улмаас 19 охин нас барсан тухай албаны хүмүүс мэдэгдлээ.
 
Тус улсын нийслэл хотоос зүүн өмнөд хэсэгт 25 км-ийн зайд орших Сан Жозе Пинула хот дахь “Virgen de Asuncion” гэдэг асрамжийн газрын байранд гарсан энэхүү түймэрт өртөн нийтдээ 25 орчим хүн түлэгдэж гэмтжээ. Асрамжийн газарт амьдардаг хүмүүс өөрсдөө гал тавьсан байж магадгүй гэж цагдаагийн газар үзэж байгаа аж.
 
Ойролцоогоор 60 орчим хүүхэд түймрээс зугтан аврагдсан байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байх магадлалтай аж.
Гватемал дахь НҮБ-ын Хүүхдийн сан твиттер хуудсандаа "Эмгэнэлт явдлыг зэмлэн буруушааж байна. Эдгээр хүүхдүүдийг заавал хамгаалах ёстой” гэж бичжээ.
 
Орон нутгийн албаны мэдээлснээр, тус асрамжийн газрын байр нийт 400 хүүхдийн багтаамжтай боловч тухайн үед үүнээс олон хүүхэд тэнд амьдарч байсан бололтой. Уг байранд хүний наймаа болон хүчирхийлэлд өртсөн, эцэг эхдээ хаягдсан 18 хүртэлх насны хүүхдүүдийг асран хамгаалдаг ажээ.
Орон нутгийн зарим хэвлэлд бичсэнээр, уг байранд гэмт хэрэгт холбогдож шүүхээс ял авсан өсвөр насныхныг хорьж байсан бололтой.
2009 онд Мексик улсын Мехико хотын хүүхдийн асрамжийн газарт гарсан түймэр 49 хүний аминд хүрч байжээ.
 
Х.Сарнай
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг