sonin.mn
Транс Интернэшнл олон улсын байгууллагаас Ази Номхон далайн бүсийн 16 орны иргэдээс авсан авлигын Барометрийн судалгааны үр дүнг  танилцууллаа.
Тус судалгааг 2015-2017 онд гурван жилийн турш явуулсан бөгөөд нийт 22 мянган хүнийг хамруулж, тэдэнтэй тулгарсан авлигын тохиолдлуудыг асуужээ.
 
Транс Интернэшнл-Монгол байгууллагын гүйцэтгэх захирал О.Батбаяр ярихдаа, “Ази Номхон далайн бүсийн 16 орны авлигын барометрийн судалгаа нь тухайн орны иргэдийн авлигад өгч буй үнэлгээг харуулдаг. Үүнд засгийн газраас явуулж буй авлигын үйл ажиллагааны сэтгэл ханамж, төрийн үйлчилгээний байгуулллага болох цагдаа, эмнэлэг, шүүхийн салбарт авилга өгч байсан эсэхийг иргэдээс тодруулдаг. Судалгаанд Монгол Улсаас хот, хөдөөний 1500 гаруй иргэн оролцсон.
 
Дүгнэлтээс үзэхэд манай улсын иргэдийн 61 хувь нь авилгын эсрэг төрөөс явуулж буй үйл ажиллагааг хангалтгүй гэсэн үнэлгээ өгсөн бөгөөд энэ нь бүс нутгийн хэмжээнд тэргүүлсэн. Тодруулбал төрийн үйлчилгээний байгууллагуудаас авилга өгч байсан тохиолдлоор Цагдаа, Эрүүл мэндийн салбар тэргүүлэв.
 
Мөн судалгаанд оролцсон 16 орноос манай улс хамгийн бага хувь нь буюу 49 хувь нь авилгатай тэмцэхэд ард иргэд хувь нэмэр оруулж чадахгүй гэсэн хариулт өгчээ. Эндээс харахад манай иргэд авилга багасна гэдэгт итгэл найдваргүй  байна. Бүсийн судалгаанаас харахад орлогын түвшин доогуур ядуу иргэд илүү өндөр хувиар авилга өгсөн нь нотлогджээ. Энэ нь ядуу иргэдийн амьдралд авилга хамгийн  их ачаа болж буйг харууллаа" гэв.
 
Дашрамд дурдахад Хятад улс сүүлийн хэдэн жил авилгатай тэмцэхэд нэлээн анхаарч ажиллаж буй ч дээрх судалгаанд оролцсон хятад иргэдийн 70 хувь нь  авилга буурсангүй хэмээн хариулжээ.
 
М.Аминаа
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг