sonin.mn
ЛОНДОН. /BBC/. Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес маргаан ихээр дагуулж буй хуулийн төсөлд гарын үсэг зурснаар тус улс дахь кокийн тариалангийн талбайн хэмжээг одоо байгаа 12 мянган га-гаас 22 мянган га-д хүргэн бараг 2 дахин нэмэгдүүлэх боломжтой болжээ.
 
Сөрөг хүчний намын депутатуудын үзэж байгаагаар, уг хууль  олон улсын гэрээг зөрчиж байгаа учраас Үндсэн хуульд харш  аж.
Кокийн тариалалтыг нэмэгдүүлэхийг эсэргүүцэгчид "энэхүү алхам нь хар тамхины хууль бус наймааг өөгшүүлсэн хэрэг болно" гэж анхааруулж байгаа юм.
Өмнө нь фермер байсан Моралес кокийн бут тариалдаг байсан бөгөөд эсэргүүцэгчдийн санаа бодлыг үл хайхарч байна.
 
Кок бол Андын нуруунд тариалдаг ургамлуудын нэг юм. Уг ургамлыг уламжлалт анагаах ухаанд ашигладаг, тухайлбал, уулын өвчнийг эмчилдэг байна. Кокийн навчийг зажилахад сэргээх үйлчилгээ үзүүлдэг төдийгүй өлсөх мэдрэмжийг дарж, амны цангааг тайлж, өвчнийг намдааж, алжаал ядаргааг тайлдаг байна.
Түүнээс гадна, кокийг химийн аргаар боловсруулж кокаин гаргаж авдаг бөгөөд кокаин бол дэлхийд хамгийн өргөн тархсан хар тамхины төрлүүдийн нэг юм. 1961 оны хар тамхины тухай НҮБ-ийн Конвенцид кок тариалахыг хууль бус гэж зарлажээ. 
 
Гэсэн хэдий ч Боливи улсад кокийн навчийг шашны болон анагаахын зорилгоор тариалахыг зөвшөөрдөг байна. Тус улс хэдийгээр олон улсын шахалтын дор тариалангийнхаа талбайг хязгаарлахаас аргагүйд хүрсэн боловч уг ургамлыг тариалах эрхтэй үлдэж чадсан аж.
 
2 дугаар сүүлчээр Боливид Эво Моралесыг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн зохион байгуулсан улстөрийн үйл ажилллагаа болж өнгөрсөн юм. Ялангуяа кок тариалдаг фермерүүд идэвхтэй тэмцэж байсан бөгөөд тэд кок тариалах талбайг хязгаарласан Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж байлаа.
Моралес бол тус улсыг удирдаж буй анхны уугуул үндэстэн хүн юм. Тэрбээр кокийн бутыг эртний уламжлалын дагуу ашиглахыг идэвхтэй дэмждэг ажээ.
Эво Моралесын бүрэн эрхийн хугацаа 2020 онд дуусах боловч тэрбээр дөрөвдэх удаагаа Ерөнхийлөгчийн албан тушаалд нэрээ дэвших боломжийг олж авахаар оролдож байгаа ажээ.
 
О.Барс
 Эх сурвалж: “Монцамэ”агентлаг