sonin.mn
ШАНХАЙ. /TASS/. Хятадын зүүн өмнөд нутгийн Гүйжоу мужийн Сишуй гацаанд эртний булшийг тонох гэж байгаад хорт хийнд хордсон дөрвөн хүн нас баржээ. Энэ тухай Sina портал мэдээлжээ.
 
3 дугаар сарын 7-нд хэдэн хүн ухаангүй нэгнийгээ дамжилсаар эмнэлэгт хүргэж ирсэн байна. Тэд өөрсдийгөө уурхайчид гэж танилцуулсан ба ухаан алдсан хүн нь нүүрсний далд уурхайд ажиллаж байгаад хийнд хордсон гэжээ. Эмнэлгийнхэн тэр хүний амийг аврахаар ажиллаж байх зуур тэдгээр зургаан хүний гурав нь ухаан алдсан байна. Ийм учраас хийнд хордсон гэдэг нь эмнэлгийнхэнд сэжигтэй санагджээ, учир нь тус районд нүүрсний далд уурхай байдаггүй аж.
 
Эмч нарын дуудлагаар ирсэн цагдаа нар сэжигтнүүдийг байцааснаар нийт 10 хүн тус районы соёлын хөшөө дурсгалд хамаарах эртний булшийг ухаж байсан гэдгээ хүлээжээ. Тэд булш руу генератор авч орсон ба уг генераторын ажилласан түлшний хийн ууранд өөрсдөө хордсон гэж мэдүүлжээ. Булшийг ухан тонох санаархал нь бүтэлгүйтснээс гурван хүн булшин дотор нас барсан бол нэг нь эмнэлэгт очоод өөд болжээ. Өөр дөрвөн хүн эмнэлгийн хяналтанд байгаа аж. Булшны гадна зогсч байсан хоёр хүн нь хордоогүй ба тэднийг цагдаагийнхан баривчлан саатуулжээ.
 
Эртний эд зүйлсийг эрж хайдаг хүмүүс Сүн улсын /МЭ 960-1279 он/ үед хамаарах энэ булшийг тонох гэж нэг бус удаа оролдож байсан байна.
 
О.Барс
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг