sonin.mn
ТОРОНТО/ЛОНДОН. /Reuters/. Зэсийн асар их нөөцтэй “Оюутолгой” ордоос эзэмших хувиасаа худалдах төлөвлөгөөгүй байгаагаа Монгол Улс мэдэгдлээ.
 
Харин ОУВС тэргүүтэй олон улсын зээлдүүлэгчидтэй байгуулсан зээлийн хэлэлцээрийн дагуу санхүү эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах ажлын хүрээнд хайгуул олборлолтыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
 
“Оюутолгой” ордын 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшдэг бол 66 хувийг нь “Rio Tinto” группын охин компани болох “Turquoise Hill Resources” компани эзэмшдэг юм.
 
“Оюутолгой”-н хувьцаанаасаа борлуулах эсэхийг Монголын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоос Торонто хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр асуухад  “Монголын хувьд сайнаар нөлөөлөх боломжит бүх хувилбарыг манай яам судлах болно. Одоохондоо бидэнд “Оюутолгой”-н хувьцаагаа худалдах бодол алга” гэжээ. “Rio Tinto” групп түүний энэ мэдэгдэлтэй холбоотойгоор ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
Геологичид болон уул уурхайн компаниудын удирдлагууд Монголыг “дэлхийн зэсийн салбарын хамгийн ирээдүйтэй газруудын нэг” гэж үзэж байгаа бөгөөд Монголоос дараачийн “Оюутолгой”-г илрүүлнэ гэж найдаж байна.
 
Ашигт малтмалын хайгуул хийх талбайн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, зэс хайлуулах үйлдвэр барихаар төлөвлөж байгаа гэдгээ сайд Ц.Дашдорж мэдэгджээ.
/2017.03.08/
 
 
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг