sonin.mn
Улаанбаатар / МОНЦАМЭ/. Олон нийтийн цахим хуудсанд бага насны хүүхдийг хулгайлахыг завдлаа гэсэн  бичлэгийн мөрөөр Нийслэлийн  Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс  шалгаж эхэлсэн байна.
 
Гэмт хэргийн хохирогч болох шахсан хүүхэд нь тус дүүргийн 8 дугаар хороонд оршин суух 11 настай Т юм байна. Хүүхдийн биеийн байдал гайгүй байгаа. Сэжигтнийг дүрс бичлэг болон гэрчийн мэдээлснээр эрэн сурвалжлах үйл ажиллагааг эхлүүлжээ. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ё.Лхагвасүрэн “Аливаа гэмт хэргийн шинжтэй мэдээллийг иргэд шууд нийгмийн сүлжээнд байршуулах, олон нийтэд цацахаасаа өмнө Цагдаагийн байгууллагад мэдээлж байх хэрэгтэй. Цагдаагийн байгууллагаас урьтаж олон нийтэд мэдээлэх нь тухайн гэмт хэрэгтэн ул мөрөө баллах, оргон зайлах боломж олгодог” гэж анхаарууллаа.
 
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг