sonin.mn
Улаанбаатар / МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүргийн  цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид “Өөрийгөө дуудлагын жолооч байна” гэж танилцуулан оройн цагаар баар, караокегоор үйлчлүүлээд гарч буй иргэдийг залилан, автомашиныг нь авч явдаг этгээдийг илрүүлэн баривчилсан байна.
 
Сэжигтэн Б гэгч нь Баянзүрх дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг баар, цэнгээний газраар үйлчлүүлээд, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж жолоо барих чадамжгүй болсон иргэдийг  залилдаг байсан нь тогтоогдож, түүнийг байцаан шалгаж эхэлжээ. Сэжигтэн Б  нь  өмнө ял шийтгэгдэж байсан аж.
 
Түүнд Эрүүгийн хуулийн 148.2. Энэ гэмт хэргийг давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, эсхүл албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх...хуулийн дагуу эрүү хэрэг үүсгэсэн байна.
 
Дуудлагын жолоочийн үйлчилгээ хэрэг болсон үед найдвартай, албан ёсны үйлчилгээ үзүүлдэг компанид хандах, гэр бүл, ойр дотны итгэлт хүмүүсээ дуудаж, гэртээ аюулгүй хүргүүлэх зэргээр аливаа гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас иргэдэд анхааруулж байна.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг