sonin.mn
НЬЮ-ЙОРК. /TASS/. Өмнөд Солонгосын "Samsung" корпораци 300 сая доллароос доошгүй хэмжээний хөрөнгө оруулан АНУ дахь өөрийн үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Энэ тухай лхагва гарагт "The Wall Street Journal" сонин өөрийн цахим хуудсандаа мэдээлсэн байна.
 
Тус сонины эх сурвалжийн мэдээгээр, "Samsung"-ийн төлөвлөгөө нь эхэн үедээ АНУ-д 500-гаас доошгүй ажлын байр бий болгох боломжтой ба цаашдаа энэ тоо хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдсэнээр өсөх аж. Голчлон гэр ахуйн техник үйлдвэрлэх хүчин чадлыг бий болгохоор төлөвлөж байгаа бөгөөд шинэ угсрах үйлдвэрээ чухам хаана барихаа сонгохын тулд Өмнөд Солонгосын компанийн төлөөлөгчид Америкийн хэд хэдэн муж улсын эрх баригчидтай хэлэлцээ хийж байгаа тухай "The Wall Street Journal" сонинд бичжээ. Мөн тус сонинд "Samsung" компани Мексик дэх үйлдвэрлэлийнхээ зарим хэсгийг АНУ руу шилжүүлэх гэж байгаа тухай дурдсан байна.
 
Тус сонинд тэмдэглэснээр, АНУ-д үйлдвэрлэлээ өргөжүүлэх гэсэн "Samsung"-ийн сонирхол нэмэгдсэн нь Дональд Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсонтой холбоотой ажээ. Тэрбээр сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Америкт ажлын байрыг их хэмжээгээр нэмэгдүүлэх тухай нэг бус удаа ярьж байсан билээ.
"Samsung"-ийнхан ийм төлөвлөгөө байгаа гэдгээ дурдсан боловч уг төлөвлөгөө нь урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд явж байгаа гэж тодотгожээ. “Аливаа стратегийн шинжтэй бизнесийн шийдлийн адилаар "Samsung"-д хамгаас илүү тохирох тийм нарийвчилсан төлөвлөгөөг хийхээс нааш энэ үйл явц дуусахгүй юм” гэж тус корпорацийн удирдлага "The Wall Street Journa"l сонинд өгсөн ярилцагадаа дурдсан байна.
 
Трамп сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр татвар, зардлаа бууруулах үүднээс АНУ дахь үйлдвэрлэлийнхээ зарим хэсгийг бусад улс орнууд руу шилжүүлж буй компаниудыг шүүмжилж байсан билээ. Тэрбээр эдгээр компаниудын бүтээгдэхүүнд шинээр татвар ногдуулна гэж сүрдүүлж байсан юм.
 
Трамп засгийн эрхэнд гарсан нь АНУ-д гадаадын хөрөнгө оруулалт хийх өргөн боломж нээгдэж байна гэж үзсэн Азийн томоохон компаниуд шинэ Ерөнхийлөгчтэй хэл амаа ололцож чаджээ. Тухайлбал, Японы автомашин үйлдвэрлэгч "Toyota" корпораци ойрын 5 жилийн хугацаанд Америкийн эдийн засагт 10 тэрбум долларын хөрөнгө оруулах гэж байгаагаа зарласан. Үүний өмнөхөн харилцаа холбооны "SoftBank" корпорацийн ерөнхий захирал Масаёси Сон Д.Трамптай уулзахдаа, түүний компани АНУ-ын эдийн засагт 50 тэрбум долларын хөрөнгө оруулах гэж байгаа бөгөөд ингэснээр 50 мянган ажлын байр бий болгоно гэж мэдэгдсэн юм.
 
О.Барс
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг