sonin.mn
1980-1990 онд ЗХУ (хуучны нэрээр) болон дотоодынхоо хүч хөрөнгөөр хүн ам төвлөрсөн, үржил шим бүхий газартай Төв, Сэлэнгийн нутгуудад саалийн 200- 800 үнээтэй бүрэн механикжсан ферм 40 гаруй, бод, бог мал бордох цогцолбор хэдэн арваадыг барьж байгуулан сүү, махны гарцыг нэмэгдүүлэхэд ихээхэн үр дүн өгч байсныг тэр үед тэнд ажиллаж амьдарч байсан хүмүүс сайн мэдэх билээ. Мөн түүнчлэн нэлээд аймаг, томоохон нэгдэл, сангийн аж ахуйг түшиглүүлэн дээр дурдсан аж ахуйнуудыг олноор барьж ашиглаж байсныг дурдах нь зүйтэй.
 
Хүн амыг мах, сүүгээр хангах улсын болон бүсчлэлийг хамарсан техник эдийн засгийн ерөнхий үндэслэл (ТЭЗҮ) боловсруулж түүнийгээ мөрдлөг болгодог байлаа. Мал аж ахуйн механикжсан ферм, бусад эрчимжсэн цогцолбороос гадна нутгийн ба сайжруулсан үүлдрийн үнээтэй механикжилт багатай гар ажиллагаа голлосон (энгийн) фермийн барилга барьж цаашид өргөжүүлэхээр бодож эхлэлийг нь тавьж байлаа. Тухайлбал Дорнод аймгийн Баяндун, Дашбалбар суманд саалийн үнээний ийм ферм, сүү, тосны цех барьж эхлүүлээд дуусахын өмнөхөн зах зээлийн давалгааны нөлөөгөөр үрэгдэн замхарсан.
 
Ийм ферм, цогцолборуудад зориулан иж бүрдэл тоног, төхөөрөмжүүдийг ЗХУ- аас авчирч тэр үеийн хөдөө аж ахуйн хангамжийн газрын хашаанд хадгалж байгаад сураггүй алга болсон харамсалтай явдлыг санахад илүүдэх юун.
 
“Атрын III аян” хөтөлбөрийн араас залгуулан “Max сүүний аян” зарласан нь тэр талын үйлдвэрлэлийг орчин үеийн арга технологиор цаашид өргөжүүлэн хөгжүүлэхээр дэвшүүлж байгааг зөв бодлого, цаг үеэ олсон ажлын эхлэл боллоо гэж үзэн сайшааж дэмжиж байгаагаа илэрхийлэхийн ялдамд дараах асуудлуудад анхаарлаа хандуулж бодлого шийдвэртээ тусгах санал дэвшүүлж байна.
 
♦              Орон нутгийн төвлөрсөн газрууд болон гадаадад гаргах эрүүл ахуйн шаардлагад нийцэх, мах, махан болон сүү, сүүн бүтээгдэхүүний хангамжийг сайжруулахын тулд бод, бог мал бордох талбай, саалийн фермүүдийг байгуулж жилийн дөрвөн улиралд ашиглахаар тооцох
 
♦              Бод, бог мад бордох талбайд өсвөр бод, бог малыг улиралд бэлчээрээр, сэрүүн хүйтний улиралд саравчинд сүрэл, өвс мэтийн бүдүүн тэжээлээр тэжээснээр улирлын мах бэлтгэлээс ангижирна.
 
♦              ХХААХҮЯ-ны гадаадаас захиалан авчирч байгаа хуурай сүүний 60 цехийн тоног төхөөрөмжийг ямар байранд суурилуулж цахилгаан, ус уур гэх мэт инженерийн хангамжаар хангахын тулд мэргэжлиин хүмүүсээр зураг төсөл хийлгэх асуудлыг яаравчлах шаардлагатай.
 
♦              Үйлдвэрт оруулж байгаа хөрөнгө оруулалтын эргэлтийг хурдасгахын тулд болж өгвөл жилийн турш ашиглахаар тооцож, дээр дурдсан энгийн (гар ажиллагаатай) ба механикжсан саалийн фермүүдийг түшиглэх нь зүйтэй.
 
♦              Одоогоор гадаад орнуудад хуурай сүүний борлуулалт муудаж байгааг харгалзан хуурай сүүний цехийг иргэдийн өргөн хэрэгцээний зарим цагаан идээг боловсруулахаар бодолцож зураг төсөлд тусгахыг нь зүйтэй анхаарна биз.
 
♦              Улсын болон бүс нутгийн хэмжээнд тав, арван жилээр урт хугацаанд мөрдөх мах, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх байршлын тойм, тодорхой обьектын ТЭЗҮндэслэл боловсруулж батлаад түүнийгээ хэрэгжүүлэх жил, жилийн төлөвлөгөөтэй ажиллавал тавьсан зорилго амжилттэй биелэнэ. Үйлдвэрлэл явуулах обьектын байршил, хүчин чадал, үр ашиг, технологи-механикжуулалтыг урьдаар нухацтай шийдэж зураг төслийг хийлгээд үүний дагуу машин, тоног төхөөрөмжөө захиалдаг дэс дарааллыг баримталж сурвал алдаа чирэгдэл бага гарч хөрөнгө оруулалтын үр дүн гарна.
 
Дашрамд дурдахад сүүлийн үед баруун Европын орнуудаас байраа бэлдэлгүй саалийн үүлдрийн хээлтэй гунж авчран мэргэжлийн бус хүмүүсээр зураг төсөв хийлгэж алдаж онож байгаа нь ажиглагдаж байна. ОХУ-ын нутаг дэвсгэрийн бүсийн ихэнх нь манай орны цаг ууртай адил байдаг. Иймд зураг төсөв зохиохдоо ОХУ-д мөрдөж байгаа технологийн нормыг ашиглах нь зүйтэйг зөвлөж байна.
 
Хөдөө аж ахуйн яамны захиалгат ажлуудыг гүйцэтгэдэг хөдөө аж ахуйн барилгын зургийн институт (ХААБЗН) нэртэй мэргэжлийн байгууллагад хориод жилийн өмнө ажиллаж байсан туршлагатай инженер техникийн ажилчид эдүгээ их барилгын салбарт ажиллаж байгаа ба одоо дэвшүүлж байгаа хөдөө аж ахуйн чиглэлийн төсөлд хувь нэмрээ оруулахад бэлэн байна.
 
ХААЗИ-ийн захирал асан МонголУлсын зөвлөх инженер О.ЖАДАМБА,
мөн Монгол Улсын зөвлөх инженер технологи механик инженер С.ЖАЛСАН