sonin.mn
“Эх нутаг, үндэс угсаагаа эрхэмлэх, төрсөн нутаг усаа хайрлах чанар бол Монгол хүн бүрийн эрхэмлэх зүйл юм” хэмээн ШУ-ны гавьяат зүтгэл­тэн, академич, доктор, профессор М.Төмөржав дурь­дат­галдаа бичсэн бай­даг.
 
Үүнийг дурссаны учир нь Увс аймгийн Зүүнговь сумын 90 жилийн ой энэ жил тохиож буй. Сумын Засаг дарга Д.Нэргүй “Нутгийн маань түүхт 90 жилийн ой ирэх долдугаар сард болно. Тиймээс энэ сарын 11-нд Улсын драмын эрдмийн театрт болох  90 жилийн ойн уулзалтад Улаанбаатар хотод суугаа нутгийн иргэдээ хүрэлцэн ирэхийг урья” гэсэн юм.
 
ЗҮҮНГОВЬ СУМ
 
Тус сум нь 402 мянган га нутагтай, Улаанбаатараас 1300 км, Улаангомоос 134 км-ын зайд оршдог. Хамгийн өндөр цэг нь Өгөөмөр уул. Далайн төвшнөөс 1343.1 метр өргөгдсөн байдаг. Бас Өгөөмөр хайрхан уулын дээрээс Зүүнговь сумын нутаг бүхэлдээ харагддаг онцлогтой. Зүүнговь сум нь Малчин, Хяргас, Баруунтуруун, Зүүнхангай, Тэс сум болон Оросын Холбооны Тува улстай хил залгаж буй. Сумын төв нь Зэл. Баяннуур болон Багануур, Шаварт нуур, Олон нуур, Рашааны нуурууд Баян гол, Дэлгэр, Хойт гол, Нарийны гол, Хустын гол, Гурамсан, Урт булаг зэрэг голууд тэдгээрийн сав дагуу рашаан булгууд, говийн гайхамшигтай баян бүрдүүдтэй.
 
Нутгийн дийлэнх хэсгийг дэлхийн бөмбөрцгийн хамгийн хойт хэсэгт оршдог бөөрөг дэлийн “Алтан элс” эзэлдэг, говийн бүсийн сум юм. 1956-1992 онд “Говийн хөгжил” нэртэй том нэгдэлд ардууд нэгдэж байв. 1998 онд 870 өрх 3.5 мянган хүн 111.4 мянган толгой малтай байсан бол 2007 оны тооллогын дүнгээр 649 өрх, 2620 хүн, 129118 толгой малтай болжээ. Сумын төв 2007 онд нэгдсэн цахилгаан сүлжээ болон телевизийн кабелын шугамд холбогдож, үүрэн телефон гар утсаар ярих болсон байна. Өдгөө Зүүнговь сум нь Зэлийн гол, Баяннуур, Суварга, Өгөөмөр, Тохой гэсэн таван багтай бөгөөд нийт 700 орчим өрх, 3000 орчим хүн амтай юм байна.
 
НУТГИЙН ОНЦЛОГ БА АЛДАРТНУУД
 
Зүүнговийнхны гол онцлог бол өвөлдөө -56 хэм хүртэл хүйтэрч зундаа нэмэх 43 градус хүртэл халдаг эрс тэрс уур амьсгалтай боловч мал сүргээ тогтмол өсгөж ирсэн тэсвэр хатуужилтай, хөдөлмөрч малчид олонтой. Урт булгийн рашаан, Нарийний баруун, зүүн эх, Буурал тохой, Дөрөө нуур, Баян нуурын хоол зэрэг гайхамшигт баян бүрдүүд, Чацаргана, Долоогон, Улаалзгана, Зээргэнэ зэрэг жимс, Жууцай, Чихэр өвс, Таван салаа зэрэг эмийн ургамлаар баялаг хараад ханашгүй үзэсгэлэнт газрууд олонтой нутаг юм. Монгол Улсын баатар Т.Дүүдээ, Хөдөлмөрийн баатар Б.Цэвээн, Л.Цэрэн, Ц.Сундуйжав, Гавъяат малчин Д.Тайсаа, Н.Нямаа зэрэг нутгийнхны бахархал болсон хүмүүс олон бий.
 
Зүүнговь их хурдны өлгий гэгддэг. Увс аймгийн алдарт хурдан хүлгүүдийн түүхийг Зүүнговийн хурдгүйгээр төсөөлөхийн аргагүй хэмээн учир мэдэх нэгэн хэлж байсан юм. Өдгөө Манлай уяач Б.Далай нутгийн уугуул юм. Түүнчлэн Алдарт уяач З.Дамдинсүрэн, Д.Цэндээ, Д.Батаа, Х.Ганбаатар нарыг нэрлэж болно. Түшээ гүний дээд удам, баядын алдарт бөх Батмөнх ноён урсгал сөрөн ундаалж байсан дөнөн хөх морио Ойрадын баатар Амарсанаад зүслэн барихад “Танай нутгийнхан үеийн үед шандаст хурдан адуутай болтугай” хэмээн ерөөсөн гэдэг. Эх орон нутгаа хамгаалан тэмцэж явсан баатар эрийн унаа залгасан Зүүнговьчууд өдийг хүртэл хурдан шандаст хүлгээрээ алдартай хэвээрээ байна.
 
Энэ нутгаас төрсөн эрдэмтэн мэргэд, сэхээтнүүд олноо танигдсан хүмүүс олон бий. Тодруулбал, Гавьяат хуульч, ардчиллын хараацай, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Дорлигжавыг хүмүүс андахгүй. Нутгийн уугуул академич М.Төмөржав Төрийн соёрхолт, ШУ-ны гавъяат зүтгэлтэн, доктор профессор цол хэргэмтэй. Түүхийн шинжлэх ухааны доктор, шинжлэх ухааны гавъяат ажилтан А.Очир, Түүхийн шинжлэх ухааны доктор Ж.Цэцэгмаа Биологийн шинжлэх ухааны доктор Г.Очирбат Хэл шинжлэх ухааны доктор Ч.Зэгиймаа нарын шинжлэх ухааны болон доктор цолтой 50 гаруй эрдэмтэн эл нутгийнх.
 
Түүнээс гадна урлаг, спорт, хөдөлмөр бүтээлийн сайчуул олноор төрсөн өлгий нутаг хэмээдэг. Жишээлбэл, Улсын арслан Ж.Хайдав, Улсын начин Д.Солоон, Д.Төрмөнх, Ж.Алтансүх, Гавьяат тамирчин, нэрт цанчин Д.Пүрэвжав, Гавьяат жүжигчин Э.Тойвгоо, Ж.Жавзмаа, Урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу, нарыг нэрлэж болох юм. Хүний гавьяат эмч, Ардын багш, ШУ-ны доктор, профессор Г.Цагаанхүү, Хүний гавъяат эмч, доктор Д.Цэгээнжав ч мөн л Зүүнговь сумын уугуул. Мөн тус сум байгалийн баялаг арвинтай гэлцдэг. Энэ нутгаас Геологи, уул уурхайн гавъяат ажилтан А.Готовсүрэн төрсөн байна.
 
ТҮҮХ СӨХВӨЛ...
 
Говь хангай хосолсон, ус бэлчээр тэгширсэн Өгөөмөр хайрханы овооноос тунгалаг уст Баяннуур, Багануур хоёр алган дээр тавьсан мэт тод харагддаг юм хэмээн нутгийн иргэд омогшдог. Энэ нь 10 баядын тахилгатай дөрвөн том овооны оргил зүрх болсон тахиалга овоо ажээ.
 
Баядууд “Туулайн зоо” хэмээн нэрлэгдэж байсан одоогийн Тогтохын шилээс Улаангомын газар хүртэл нутаглаж байсан гэдэг. Цаашид тогтон суурьших нутгаа асууж тодруулахаар одоогийн Зүүнговь сумын харьяат Дагжидийнхны дээд удмын хүн Шаравжимбэ хэмээх ламыг явуулж Түвдийн далай ламтай уулзуулахад Далай лам: “Та нарын зүүн хойт зүгт уул, говь, ус билчээр тэгширсэн уудам сайхан нутаг байгаа юм байна, түүнийг эзлэн сууж жаргатугай. Тэр нутгийнхаа дөрвөн өндөрлөг дээр бие биеэ харсан дөрвөн овоо босгож тахивал зохилтой” хэмээн айлдаж дөрвөн бумба өгчээ. Үүнийг нь Зүүнговийн Өгөөмөр, Хяргасын Цагаанхайрхан, Малчины Баянхайрхан, Тэсийн Цагаан эрэг хэмээх алсаас бие биеэ харах боломжтой газарт залж овоо босгон одоо ч тахисаар байгаа аж.
 
Зүүнговь сумыг Чандмань уулын аймгийн харъяанд 1927 онд анх байгуулжээ. 1931 он хүртэл Баян-Эрдэнэ сум гэж нэрлэж байгаад Зүүнговь хэмээх болсон байна. Тэр үед сумын төв “Хар усанд” зусаж Нарав хэмээх газар (Мукаадаанхны дээд удмын бууц) өвөлждөг байсан аж. Ингээд 1941 оноос “зэл”-д шилжин суурьшсан гэдэг. 1934 оны наймдугаар сарын 26-нд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч бөгөөд Сангийн яамны сайд Догсом, Тагнан Тува улсын ерөнхий сайд Жүрмэддаш нар хилийн хэлэлцээ хийсэн боловч асуудал шийдэгдээгүй байна. Энэ үеэс хоёр тал хилийн харуул томилон ажиллуулсан гэдэг.
 
Одоогийн баядуудын үндсэн нутаг нь Хан Хөхийн нурууны зүүн бэл хормойгоос Тагнын нурууг хүртэлх өргөн тал, элсэн манхан, гол нууруудын ай сав газар хамрагдана.
 
БАЯД НЭРИЙН ГАРАЛ
 
Монгол хэлний “баян” (“чинээлэг”, “арвин юмтай”, “өнөр” гэх мэт ойролцоо утгатай) гэх тэмдэг нэрийн олон тооны үндсэн хувирал нь “баяд” гэдэг.
 
Баяд нь Эрт цагт түүхийн тавцанд гарч ирсэн, язгуурын монгол аймгийн нэг юм. Хүннү-н хаан Модун-шаньюй Ордосын тохойд байх Баян уулаар нутаглах Баян овгийг дагуулав гэсэн мэдээ бий. VI-VIII зууны үед баядууд Хөлөн, Буйр нуур хавиар нутаглаж байсан аж. XIII зууны үед Чингис хааны мэдэлд явж ирсэн байна. Түүний нэг нь Үнгүр буурч юм. Түүний харъяат баядууд их төлөв Хэнтийн уулнаас урагш нутаглажээ. XIV-XVII зууны эхэн үе хүртэл баядууд бие даасан нэг отог болж явсан аж.
 
ТӨГСГӨЛИЙН ОРОНД
 
Туулсан буурал түүх нь баялаг, хөдөлмөрлөж бүтээсэн одоо цаг нь өнгөлөг, мандах нарны туяа шиг ирээдүй нь гэгээлэг заяатай Зүүнговьчуудын түүхэн ойг тэмдэглэх ёслол ирэх долдугаар сарын 30, наймдугаар сарын 1-нд болох юм. Тиймээс иргэдээ маргааш буюу гуравдугаар сарын 11-ний 11 цагаас Улсын Драмын эрдмийн театрт болох Увс аймгийн Зүүнговь сумын 90 жилийн ойн уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна. Монгол орны өнцөг булан, дэлхийн улс орнуудад сурч, амьдарч буй Увс аймгийн Зүүнговь сумын иргэдэд түүхт 90 жилийн ойн мэндийг дэвшүүлье.
 
Д.Оюунчимэг
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин