sonin.mn
ЛОНДОН. /BBC/. АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлагийн шинэ тэргүүн Скотт Прюитт дэлхийн дулааралд нүүрсхүчлийн хий голлон нөлөөлдөг гэдэгт эргэлзэж байна.
 
Энэ тухай тэрбээр Америкийн CNBC телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
 
“Уур амьсгалд нөлөөлөх хүний хүчин зүйлийг тодорхойлох нь маш нарийн ажиллагаа учраас нөлөөллийн түвшний талаар маш их санал зөрөлддөг. Тэгэхлээр дэлхийн дулааралд нүүрсхүчлийн хий голлон нөлөөлдөг гэдэгтэй би санал нийлэхгүй” гэж тэрбээр хэллээ.
 
Ноён Прюитт цааш ньь хэлэхдээ, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээр нь тааруу зүйл болсон гэж дүгнэжээ. Уг хэлэлцээрийг Сенатаар хэлэлцүүлээгүйд санаа зовниж байгаагаа АНУ-ын Ерөнхий экологич илэрхийлжээ. Прюиттыг Байгаль орчныг хамгаалах агентлагийн тэргүүнээр томилсон нь түүний үзэл бодолтой холбоотойгоор маргаан дагуулж байсан юм.
 
Өмнө нь Оклахомагийн Ерөнхий прокуророор ажиллаж байсан тэрбээр дэлхийн дулаарлын онолыг шүүмжлээд, дэлхийн дулаарлын цар хүрээ болон уг үзэгдэл нь хүний үйл ажиллагаатай холбоотой гэдэг тал дээр эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна. Үүнээс гадна тэрбээр нүүрстустөрөгчийг ашиглах нь зүйтэй гэсэн байр суурийг баримтлагч хүн юм.
 
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Парист 2016 онд байгуулсан Уур амьсгалын өөрчлөлтийн тухай олон улсын гэрээний үйлчлэлийг зогсоохоо амлаж байсан юм.
 
Өнгөрсөн оны 4 дүгээр сард Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх  тухай хэлэлцээрт Нью-Йорк дахь НҮБ-ын Төв байранд гарын үсэг зурсан билээ. Уг хэлэлцээрт 170 гаруй улс орон нэгдсэн юм.
 
Парисын гэрээнд зааснаар, 2025 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа 2005 оныхтой харьцуулахад 26-28 хувиар бууруулах үүргийг АНУ хүлээжээ.
 
О.Барс
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг