sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнх агсны мэндэлсний 91 жилийн ойн өнөөдөр тохиож байна.
 
Түүний Монгол Улсын хөгжилд оруулсан хувь нэмрийг хүндэтгэн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Улс төр, намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар нар гэрт нь зочилж, гэргий А.Даариймаад хүндэтгэл үзүүллээ.
 
Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "МАН эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, эв нэгдлийг ямагт эрхэмлэж ирсэн. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнх ардчиллыг тайван замаар өлгийдөн авсан нь үүний тод илрэл юм. Энэ үйл хэргийг бид үргэлжлүүлсээр байх болно" хэмээв.
 
Жамбын Батмөнх агсан 1948 онд МАХН-д гишүүнээр элссэн бөгөөд 1973 онд МАХН-ын Төв Хорооны Шинжлэх ухаан, боловсролын хэлтсийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байв.
 
Улмаар 1974 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайдаар томилогдсон аж. 1984 он хүртэл БНМАУ-ын 13 дахь Ерөнхий сайдаар, 1984-1990 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар буюу Төрийн тэргүүнээр ажиллажээ. 1997 онд түүнийг насан эцэслэсний дараа МУИС-ийн ЭЗДС-ийн өмнөх талбайг түүний нэрэмжит болгож, гэрэлт хөшөөг нь босгож мөнхжүүлжээ. Мөн төрсөн нутаг Хяргас сумын төвд 2009 онд гантиг чулуун дээр дүрийг нь сийлсэн гэрэлт хөшөөг босгосон байна.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг