sonin.mn

Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны Дугуй ширээний 7 дугаар уулзалт 2017 оны 3 дугаар сарын 9-нд Оттава хотноо болж өндөрлөв.

Дугуй ширээний уулзалтыг монголын талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд бөгөөд Дугуй ширээний уулзалтын монголын хэсгийн дарга Ц.Дашдорж, канадын талаас Канадын Гадаад хэргийн туслах дэд сайд Доналд Бобиаш нар ахлан явуулж, Монгол, Канадын улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалт, батлан хамгаалах, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, ойрын жилүүдэд хэрэгжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

Талууд хоёр орны харилцаанд эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг нотлохын зэрэгцээ уул уурхай, хөдөө аж ахуй, дэд бүтэц, байгаль орчин зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлж ажиллахаар болов. Саяхан хүчин төгөлдөр болсон Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр нь Монгол, Канадын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа хоёр тал санал нэгтэй тэмдэглэв.

Мөн хөгжлийн хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэхээр хэлэлцэн тохиров. Канадын Засгийн газар Монгол Улсыг хөгжлийн албан ёсны тусламж үзүүлдэг орнуудынхаа жагсаалтад 2014 онд оруулсан бөгөөд эдүгээ уул уурхай, хөдөө аж ахуй, төрийн алба зэрэг салбарт 6 төслийг амжилттай хэрэгжиж байна.

Уулзалтаар олон улсын болон бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлуудаар мэдээлэл солилцож, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, НҮБ-ын шинэчлэл, энхийг сахиулах үйл ажиллагаа зэрэг чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиров.

Монгол, Канадын хамтын ажиллагаа “өргөн хүрээтэй түншлэл”-ийн хүрээнд амжилттай өргөжин тэлж, эдүгээ Канад нь манай улсын Хойд Америк дахь чухал түнш, гуравдагч хөрш, тэргүүлэх хөрөнгө оруулагч болсон билээ.

Монгол, Канадын Дугуй ширээний 7 дугаар уулзалт нь хоёр орны өргөн хүрээтэй түншлэлийн харилцааг дүгнэн, цаашдын хамтын ажиллагааны зорилтуудыг тодорхойлж, ажил хэрэгч, үр дүнтэй болж өндөрлөв.