sonin.mn
ВАШИНГТОН. /Reuters/. Гацаанд ороод байгаа Ойрхи Дорнодын энхийн хэлэлцээний асуудлыг хэлэлцэхийн тулд Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббасыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд урьжээ.
 
Д.Трамп болон М.Аббас нар өчигдөр утсаар ярьсан байна. Нэгдүгээр сарын 20-нд АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болсноос хойш тэд анх удаагаа утсаар ярьсан нь энэ юм.
Цагаан ордны албаны хүмүүсийн хэлснээр, энхийн хэлэлцээг сэргээх нь чухал бөгөөд тохиролцоонд хүрэх цаг ирээд байгааг Д.Трамп онцлон тэмдэглэжээ.
 
Ерөнхийлөгч Д.Трамп хэлэхдээ “Палестин болон Израиль шууд хэлэлцээ хийх хэрэгтэй. Энхийн хэлэлцээр байгуулахын тулд АНУ талуудын аль алинтай ойр хамтран ажиллах болно” гэсэн байна.
 
Палестины эх сурвалжуудын мэдээлж буйгаар, М.Аббас тун удахгүй Вашингтонд айчлах аж.
 
Д.Трамп өнгөрсөн сард Цагаан ордонд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху-г хүлээн авч уулзсан билээ. Тэрбээр "Израильтай Барак Обамагийн засаг захиргааны үеийнхээс илүү харилцаагаа бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа" уулзалтын үеэр илэрхийлсэн юм.
 
 
Г.Доржханд
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг