sonin.mn
ТОКИО. /Nikkei/. Японы зүүн хойд нутагт хүчтэй газар хөдлөлт болж, цунами үүсч, улмаар “Фүкүшима Дайичи” АЦС-ын үйл ажиллагаа доголдсоноос хойш яг зургаан жил өнгөрч байна.
 
Гамшигт өртсөн бүсүүдийг сэргээн босгох ажиллагаа удаашралтай байгаа бөгөөд нүүлгэн шилжүүлсэн 120 мянган хүн өнөө хэр нь түр хоргодох байр болон түрээсийн байранд амьдарч байгаа аж.
 
2011 оны 3 дугаар сарын 11-нд Японы зүүн хойд нутагт Номхон далайн эрэгт 9.0 баллын хүчтэй газар хөдлөлт болж, 10 м гаруй өндөр цунамийн давалгаа үүссэн юм.
 
Японы ЦЕГ-ын мэдэгдсэнээр, энэ долоо хоногийн баасан гарагийн байдлаар тус улсын 12 мужид уг гамшигтай холбоотойгоор амиа алдсан хүмүүсийн тоо 15893, зургаан мужид сураггүй бологсдын тоо 2553 байна.
 
Сэргээн босгох ажиллагаа хариуцсан агентлагийн албаны хүн хэлэхдээ “эрүүл мэндийн асуудал болон нүүлгэн шилжүүлэх ажиллагаатай холбоотой бусад шалтгааны улмаас наад зах нь 3523 амиа алдсан" гэв.
 
 
 
Гамшгийн улмаас орон гэрээ алдсан хүмүүст 23393 сууцыг барьж, хүлээлгэн өгөөд байна гэж албаны хүмүүс хэлэв.
 
Фүкүшима мужийн цацраг идэвхт бодисын түвшин өндөртэй “хориотой бүс”-ээс бусад газарт оршин суугчдыг буцаж очихыг зөвшөөрөх тухай тогтоолыг Японы Засгийн газар ирэх сарын эхээр гаргахаар төлөвлөж байгаа аж. Гэхдээ цацраг идэвхт бодисын хор уршиг болон дэд бүтцийг сэргээн засварлах ажил удаашралтай байгаа зэрэг шалтгааны улмаас Фүкүшима муж руу буцаж очих бодолгүй байгаагаа гамшиг болохоос өмнө тус мужид амьдарч байсан олон хүн илэрхийлжээ.
 
 
 
2011 оны гуравдугаар сарын 1-нээс энэ оны хоёрдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд Японы Иватэ, Мияги болон Фүкүшима мужуудын далайн эрэг орчмын 14 суурин газрын хүн амын тоо 10 гаруй хувиар цөөрсөн болохыг хүн амын тооллогын дүн харууллаа.
 
Газар хөдлөлт болж, цунами үүссэний улмаас “Фүкүшима Дайичи” АЦС-ын гурван реактор дэлбэрч үйл ажиллагаа нь доголдсон билээ.
 
Тус АЦС-ын оператор болох “TEPCO” компани цөмийн түлшний үлдэгдэл, алдагдсан цацраг идэвхт бодис болон реакторын хэсгүүдийг цэвэрлэх арга замыг олохыг оролдсоор байна.
 
Цацраг идэвхт бодисын түвшин хэр өндөр байгааг олж тогтоохын тулд “TEPCO” компани энэ сарын 14-нөөс эхлэн тус АЦС-ын I реакторт роботоор судалгаа хийх аж.
 
Мөн тус АЦС дахь цацраг идэвхт бодистой усны асуудлыг шийдвэрлэж байна.
 
Гүний усны урсгалыг хаахын тулд тус АЦС-ын I-IV реакторуудын байгууламжуудын доорх хөрсийг хөлдөөх ажлын гүйцэтгэл 98 хувьтай байгаа гэнэ.
 
“Фүкүшима Дайичи” АЦС-ын 900 орчим нөөцлүүр саванд 940 мянган тонн  бохир ус байгаа ажээ. Энэ бохир усыг хэрхэн устгах дорвитой төлөвлөгөөг өнөө хэр нь гаргаж чадаагүй байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг