sonin.mn
Олон улсын валютын сан нь валютын зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилготойгоор 1944 оны долдугаар сард АНУ-ын Нью-Хэмпшир муж улсын Брэттон Вүдст нээгдсэн НҮБ-ын мөнгө санхүү, эдийн засгийн хурал дээр “Брэттон Вүдс хамтарсан тогтоол”-ын үндсэн дээр дайны дараах сэргээн босголтын нэг алхам байжээ.
 
Тухайн үед Олон улсын сэргээн босголт хөгжлийн банктай хамт 21 улсын бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулагдсан аж. 1947 онд үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд НҮБ-тай хамтран ажиллах гэрээний дагуу НҮБ-ын доорх мэргэжлийн байгууллага болсон байна.  Дэлхийн банктай хамтран олон улсын мөнгөний бодлогын горим, ерөнхий дүрмийг тогтоодог. Олон улсын валютын сан 187 гишүүн оронтой.
 
ОУВС-гийн мөнгөний хэмжүүр /SDR/ 1 SDR = 1.51808 а.доллар / 2007 оны зургадугаар сарын байдлаар/ Олон улсын валютын сангийн нийт квот нь 212 миллиард SDR буюу 290 миллиард доллар.
 
Гишүүн орнуудын төлбөрийн тэнцэлийн алдагдлыг багасгах тал дээр туслах,  гадаад худалдаан дахь сөрөг үзүүлэлтүүдийг бууруулах, гадаад зээлийн эргэн төлөлт хийхдээ хүндрэлд орсон гишүүн орнуудад туслах зорилго тавин ажиллаж буй.
 
ОУВС-гийн шийдвэрүүдийг нийт саналын хувийн дийлэнхийг эзэлдэг хөгжингүй улсууд гаргадаг. Гишүүний хураамж нь мөн тухайн улсын саналын хувь хэмжээг тогтооно. Өөрөөр хэлбэл, ямар хэмжээгээр гишүүний хураамж төлнө, төдий чинээгээр саналын хувь хэмжээг тухайн улс эзэмшинэ гэсэн үг юм.Тухайлбал, АНУ, Япон, ХБНГУ, Их Британи зэрэг олон орон саналын эрхтэй байна.
 
Түүнчлэн хөгжил буурай орнууд гаднаас авсан зээлээ хэрхэн ашигласан, зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх талаар тайлан тавина. Хэрэв гишүүн орон нь эдгээр үүргүүдээ биелүүлэхгүй бол бусад гишүүд энэ улсын зээл авах эрхийг нь хязгаарлана. Цаашилбал гишүүнээс түдгэлзүүлдэг байна. Тиймээс ОУВС-гийн зөвлөсөн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх, мөнгөний солилцоог хийх, өөрийн мөнгөний үнэ цэнийг бусад валюттай харьцуулж хэрхэн тогтоосноо мэдэгдэх үүргийг хүлээдэг ажээ.
 
Нөхөн сэргээх санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байна. Тухайлбал, гол нэрийн барааны импортын үнээс үүдэн богино хугацаанд бий болсон алдагдлыг нөхөн санхүүжүүлнэ.
 
Өргөжүүлсэн санхүүгийн дэмжлэг ч мөн үзүүлдэг. Макро эдийн засгийн эсвэл дотоод асуудлаас болон төлбөрийн тэнцэлийн хүндрэлд орсон гишүүн орнуудын энэ байдлаас гарах зорилгоор боловсруулсан эдийн засгийн программыг дэмжин олгодог гурван жилийн хугацаатай зээл юм. Энэ зээлд мөн Stand-By-тай ижил нөхцөлөөр зээл олгодог ажээ. Эргэн төлөгдөх хугацаа 4-5 жил.
 
Stand-By: Төлбөрийн тэнцэл нь маш их алдагдалтай, гишүүн орнуудад туслах зорилгоор, 12-18 сарын хооронд, гурван сард нэг удаа хуваан олгодог зээлийн тусламж юм. Тухайн зээлийн ноогдлыг өгөхдөө өнгөрсөн хугацаан дахь зээлийн гэрээний биелэлтийг хардаг. Эргэн төлөгдөх хугацаа 3-5 жил.
 
ОУВС-гийн боломжууд: Гишүүн орнууд Сангийн хөрөнгийг ашиглах нөхцөлд өөрийн хэрэгцээтэй байгаа валютыг тухайн орны валютаар худалдан авдаг журамтай. Тус сангийн хөрөнгийг ашиглаж буй орнуудаас бүтцийн өөрчлөлт хийх хөтөлбөрийг гол нөхцөл болгодог байна.
 
Д.Оюун
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин