sonin.mn
“Зууны мэдээ” сонин салбар бүрийн тэргүүлэгчдийг “Leaderships forum” буландаа урьж тухайн салбарын асуудал, хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санааг уншигчдад хүргэдэг билээ. Энэ удаа жендерийн тэгш эрх, эмэгтэйчүүдийн манлайллын талаар “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ыг үүсгэн байгуулагчдын нэг Б.Золзаяаг урьж ярилцлаа.
 
ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ЭРЧҮҮДЭЭС ӨНДӨР ШААРДЛАГА ТАВЬДАГ
 
Монгол Улсын хүн амын харьцаа 48/52 хувь байдаг. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд 52 хувийг эзэлдэг. Тэгвэл бизнесийн байгууллагын удирдлагын багийн хүйсийн харьцааг харвал эмэгтэйчүүдийн эзлэх хувь 33, харин эрчүүд 67 хувь байх жишээтэй.
 
Удирдах албан тушаалд түлхүү эрэгтэйчүүд, гүйцэтгэх албан тушаалд эмэгтэйчүүд олон гэсэн үг.
 
Жендерийн тэгш эрх гэхээр ихэвчлэн эмэгтэйчүүдийн асуудал, албан тушаал ярьж байна гэж хүмүүс ойлгодог. Үнэндээ жендерийн тэгш эрх гэдэг маань Үндсэн хуулийнхаа алсын хараа, улс орныхоо зорилго болгож тавьсан хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг бий болгох явдал юм. Хүмүүнлэг иргэний нийгэм гэдэг нь эмэгтэйчүүд хүн амын 52 хувийг бүрдүүлж, улсын аливаа бодлого, шийдвэрт хамаарч байгаа бол шийдвэр гаргах төвшинд оролцох эрхтэй. Монгол Улсад өнөөдрийг хүртэл аймгийг удирдсан эмэгтэй Засаг дарга байгаагүй.
 
Дүүргийн эмэгтэй Засаг дарга цөөн. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд аль нь ч эмэгтэй байгаагүй. “МОНФЕМНЕТ” төрийн бус байгууллагаас явуулсан судалгаагаар  4-5 жилийн өмнө “Та УИХ-ын гишүүнийг эмэгтэй хүн байж болно гэж бодож байна уу” гэсэн санал асуулгад оролцогчдын 70 хувь нь зөвшөөрсөн байдаг. Харин “Ерөнхийлөгчөөр эмэгтэй хүн сонгогдож болох уу?” гэсэн асуулгад 70 хувь нь “Ерөнхийлөгчөөр эрэгтэй хүн байвал зүгээр” гэсэн байгаа юм. Үүнээс бидний уламжлалт, итгэж дагаж ирсэн жендерийн хэвшмэл дүр ойлголт нь манлайлал,  хамт олон нийгмийн бүлгийн тэргүүлэгч хүнийг эрэгтэй хүн болох нь харагдаж байна.
 
Харин эмэгтэйчүүдэд маш өндөр шаардлага тавьдаг. Үүнийг бид сонгуулийн дүр зургаас харж болно. Өнгөрсөн онд болсон сонгуулийн үеэр олон нийтийн анхааралд өртөж, хэл амны бай болсон нь хүмүүсийн олонх нь эмэгтэйчүүд. Үүнээс харахад эмэгтэй хүмүүс манлайллын төвшинд очих гэхээр өөр шалгуур тавьдаг. Эмэгтэй нэр дэвшигчээс асуух асуулт гэхэд ихэвчлэн хувийн асуудал, амьдралын талаар байдаг. Харин эрэгтэй хүмүүсийг бодлогын төвшинд харж, харьцдаг. Тэгэхээр бид манлайллыг маш олон зуун жилийн турш эрэгтэй хүнтэй уяж ирсэн. Үүнийг яаж өөрчлөх вэ. Бид яаж зоримог дэвшил гаргах вэ?
 
МАНЛАЙЛАЛ БОЛ АДАЛ ЯВДАЛТ ҮҮРГЭВЧТЭЙ АЯЛАЛ
 
Манлайлал бол миний бодлоор адал явдалт үүргэвчтэй аялал. Та жуулчин уу, аялагч уу. Хүн өөрөө зоримог үйлдэл гаргахгүй, хүмүүсийг дагаад яваад байвал  жуулчин хэвээр байна. Түүний оронд аялагч, эрэл хайгуулч байх хэрэгтэй.
 
Ажил дээр жендерийн ялгаварлал байгаад байхад “За яахав, чимээгүй өнгөрье” гэдэг. Харин манлайлъя, өөрчилье гэж байгаа бол тухтай бүсээсээ гарч алхах хэрэгтэй. Зоримог манлайлал гэж зорилгоо зоригтой байлгахыг хэлнэ. Бидэнд ямар нэг байдлаар өөрийн гэсэн итгэл үнэмшил, зорилго байдаг. “Энэ хорвоод юу хийх гэж ирсэн бэ?” гэж асууж төсөөлвөл би түүнийхээ төлөө зоригтой үйлдэл хийнэ. Бид бүгдэд хүсэл, мөрөөдөл байдаг ч түүнийгээ биелүүлэх гээд явах нь дутагдаад байдаг. Аялахын тулд газрын зураг хэрэгтэй шиг мөрөөдлөө биелүүлэхийн тулд бидэнд өөрсдийн үнэт зүйл байх хэрэгтэй.
 
ХАЙРЦАГНААСАА ГАРЧ, ЧӨЛӨӨТЭЙ СЭТГЭ
 
Эмэгтэйчүүд ихэнх тохиолдолд хайрцаглагдсан байдаг. Эсвэл хязгаарлагдчихдаг. Бид өмнөө маш олон зорилго тавьчихаад түүндээ хүрдэггүй. Тэгвэл зорилгоо биелүүлэхийн тулд түүндээ хүрэх жижиг алхамуудыг хуваан төлөвлөх нь чухал. Өөрөөр хэлбэл, хүрч болох боломжтой хэлбэрт оруулах явдал юм. Бид одоогийн боломждоо сэтгэсээр байгаад тэр тусмаа эмэгтэйчүүд маань өөр боломжийг мэдрэхгүй өнгөрдөг. Хүний нөөцийн ажилтнууд ихэвчлэн ингэж хэлдэг. Эрэгтэй хүмүүс ажилд орохдоо шалгуурын 40-60 хувийг хангасан бол “Би энэ ажилд орно” гэдэг. Харин эмэгтэйчүүд 100 хувь ажлын шалгуурыг хангахаас наана орно гэж боддоггүй. Үүнээс харахад бид өөрт байгаа боломжийг дутуу үнэлдэг. Бид илүү амжилтад хүрье  гэвэл байгаа зүйлээ 100 хувь мэдэрч хийх нь чухал юм. Амжилт гэдэг өөртөө өөрийнхөө хийж байгаа зүйлд болон үүнийгээ яаж хийж байгаад дурлах явдал юм.
 
Суралцагч байх, хэн нэгэн буруу зүйл хийсэн бол түүнээс суралцах хэрэгтэй. Энэ нь суралцагч байхаас гадна өөрийг тань бухимдлаас хол амар тайван болгоно. Шүүмжлэлттэй хандахаа больж, бусад эмэгтэйчүүдээс суралцах хэрэгтэй. Маш олон тохиолдолд эмэгтэйчүүд ийм байх ёстой гэсэн тогтсон хандлагуудыг бий болгочихсон. Заримдаа тэрэндээ өөрөө ч хүрч чаддаггүй хэрнээ бусад эмэгтэйчүүдийг түүгээр жишиж байдаг. Хэрэв бид өөрчлөлтийг хийх гэж байгаа бол өөрөөсөө л эхэлнэ. Бид манлайлахад амаргүй ч гэсэн заримдаа хийх шаардлагатай зүйлийг хийнэ  гэсэн үг. Бид хайрцаглагдсан сэтгэлгээнээсээ болоод шинэ зүйлд хаалттай хандаж байдаг. Үүнийг өөрчилж илүү өргөн хүрээнд харах хэрэгтэй. Яагаад гэвэл манлайллын нэг том зураг өргөнөөр харах юм. Манлайлал гэдэг бол шат ахих тусам таны шийдвэр, гаргалгаа илүү олон хүнд нөлөөлж байдаг.
 
Зүүн өмнөд Азийн орнуудаас ардчилалтай оронд амьдарч байна гэдэг нь бидний том боломж. Монголд шинэ юм эхлүүлэх хамгийн амар, боломжтой гэж хүмүүс хэлдэг. Тэгэхээр чин сэтгэл хүсэл байвал боломжууд нээлттэй. Өөрчлөлтийг хийх боломж байгаа, Монгол залуучуудын орон. Бас дээр нь бид мухар сүсэгт автчихаагүй орон. Тиймээс жижиг зүйлээс аз жаргалыг мэдэрсэнээр илүү олон боломжийг олж болно.
 
ЭМЭГТЭЙЧҮҮД ХАМТДАА НИЙЛЭЭД ӨӨРЧЛӨЛТИЙГ БИЙ БОЛГОЖ ЧАДДАГ
 
Шинэ зүйл хийх нь шинэ мэдрэмж төрүүлдэг. “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” төрийн бус байгууллага 2011, 2012, 2013 онд “Үтрээний хүүрнэл” жүжгийг тавьж байсан. Хүмүүс “Гоё санаа байна. Гэхдээ монголчууд ойлгох болоогүй” гэж байсан. Тэгсэн ч бид хийсэн. Хүлээн авсан хүмүүсийн олонх нь эерэг хандлагатай байсан. Бусад хүмүүс таныг буруу гэж байсан ч та өөрийгөө зөв гэж бодож байгаа бол үзэл санаандаа тууштай зогс.
 
Манлайллын чухал зүйл нь хаашаа аялах бус хэнтэй аялах нь чухал. Үзэл санаа нийлдэггүй хүнтэй хаашаа ч явсан төдийлөн сайхан санагдахгүй. Тиймээс үзэл санааныхаа хамтрагчийг олох ёстой. Тэр тусмаа эмэгтэйчүүд нэгнийгээ хамтарч дэмжих хэрэгтэй. Зөвхөн өөрөө манлайлах бус, хэн нэгний анхны гаргагч бай. Хэрвээ танай ажил дээр хэн нэгэн эмэгтэй зөв санаа гаргаж байгаа бол зоригтой “Тийм ээ би дэмжиж байна” гэж хэл. Тэр тусмаа соёл, уламжлал маань эмэгтэй хүн манлайлагч биш туслагч, үйлчлэгч байх ёстой гэж хэлж байгаа өнөө үед ганцаараа тэмцээд хүч хүрэхгүй.
 
Маш олон эмэгтэйчүүд хамтдаа нийлээд өөрчлөлтийг бий болгож чаддаг. Бидний өмнө маш олон эмэгтэй олон жилийн турш жендерийн тэгш эрхийн талаар хэлж өнөөдрийн төвшинд хүрсэн. Одоо бид нэгнийгээ дэмжиж өөрчөлтийг авчрах хэрэгтэй. 20 жилийн дараа хэдэн эмэгтэйчүүд суугаад өнөөдрийн сэдвээр ярьж байхгүйн тулд нэгдэж илүү хүчтэй болох ёстой. Одоо үеийн бидний давуу тал бол өмнөх үеийн бий болгосон үзэл санааны өвийг сошиал медиа зэрэг олон боломжийг ашиглаж түгээх явдал юм. Хэрэв бид манлайлж, зоримог байя гэвэл өөрөөсөө ямар нэгэн зүйл золиослох хэрэгтэй болно. Гэрэлтэхийн тулд шатах хэрэгтэй гэсэн үг байдаг. Шатна гэдэг өөрийнхөө цаг, сэтгэлийг золиосолж хүч гаргаж шинэ зүйлийг хийнэ гэсэн үг.
 
БЛИЦ:
 
-Хуульч мэргэжилтэй.
-Хүний эрх, жендерийн тэгш эрх, иргэний боловсролыг түгээх чиглэлээр 2008 оноос эхлэн иргэний нийгмийн салбарт ажилласан.
-“Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын үүсгэн байгуулагчдын нэг.
-Жендерийн тэгш эрхийн талаар олон нийт рүү чиглэсэн олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн.
-АНУ-ын Азийн сангийн “Ази тивийн ирээдүйн залуу удирдагчид” хөтөлбөрийн 2015 оны “Хөгжлийн төлөөх манлайлагч”.
-2014 онд АНУ-ын Төрийн департментаас зохион байгууллагддаг “Community Solutions” манлайллын хөтөлбөрийн оролцогч.
 
 
Б.Энхзаяа
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин