sonin.mn
АДДИС-АБЕБА./AP/. Этиоп улсын нийслэл Аддис-Абеба хотын захад оршдог хогийн цэгт хөрсний нуралт үүссэний улмаас наадзах нь 48 хүн амиа алдсан байна.
Бямба гарагийн шөнө Коше гэдэг хог хаягдлыг боловсруулах талбайд хөрс нурсны улмаас олон арван хүн сураггүй  болжээ.
 
Нэгэн оршин суугчийн хэлснээр, талбайд 150 хүн байсан аж. Нуралтын улмаас хог түүдэг хүмүүсийн оромжууд олон тонн хог хаягдалд дарагдсан байна. Энэ талбайг 50 гаруй жилийн туршид Аддис-Абеба хотын хог хаягдал боловсруулах цэг болгон ашиглаж байгаа юм.
 
Амиа алдсан хүмүүсийн дотор хүүхдүүд олон байсан бөгөөд цаашдаа энэ тоо нэмэгдэх хандлагатай байна.
Орон нутгийн удирдлага Африкийн тивд анх удаа хог хаягдлаас эрчим хүч гарган авах үйлдвэрийг хогийн цэгийн ойролцоо барьж байжээ. Нийслэлийн оршин суугч  4 сая хүний ялгаруулдаг хог хаягдлыг шатааж, эрчим хүч гарган авахаар төлөвлөж байгаа ажээ.  
 
Х.Сарнай
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг