sonin.mn
АИХ хөдөлгөөний гишүүн, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгаттай ярилцлаа.
 
-Хоёр танхимтай парламентын тогтолцоонд шилжихийн ач холбогдол юу вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?
 
-Нэгд, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол талаасаа маш яаралтай энэ тогтолцоонд шилжих шаардлагатай. Манайд өнөөдөр УИХ дээр 76 хүн шийдвэр гаргаад явж байгаа харагдавч, яг нарийндаа түүний олонхи буюу 39 түүнээс дээш суудал авсан нам, эвсэл эрх барьж, дахиад тэр дундаа мөн л олонхи болсон фракц, бүлэглэл, нөлөө бүхий 10 хүрэхгүй хүн л улс орны чухал шийдвэрүүдийг гаргаад явж байна.
 
Цөөн хүнийг худалдаж авах амархан. Их хурлын 30 гишүүнийг 30 тэрбумаар худалдаж авахад л Монголд хүссэн шийдвэрээ гаргах бололцоотой гэсэн үг. Харин 500-600 гишүүнтэй АИХ байгаа тохиолдолд улс үндэстний хувь заяатай холбоотой чухал шийдвэрүүд ямар нэг бүлэглэл, гадны нөлөөнд автахгүйгээр гарах боломжтой.
 
Монгол төрийн дархлаа зузаарна гэсэн үг. Хоёрт, шүүх засаглалын бие даасан байдал бэхжинэ. Улсын дээд шүүхийн бүрэлдэхүүнийг АИХ-аар сонгож, томилсноор шүүх засаглал аль нэг намын, улс төр-бизнесийн бүлэглэлийн халаасанд орохоос сэргийлнэ. Дэлхийн түүхэнд шүүх засаглал хэн нэг дарангуйлагчийн юмуу, улс төрийн бүлэглэлийн гарт орсноор хэлмэгдүүлэлт, аллага, хүний эрхийн зөрчил, шударга бус байдал ноёлсон жишээ олон. Өнөөдөр манайд шүүх засаглалын халдашгүй, хараат бус байдал дээсэн дөрөөн дээр байна. Гуравт, гүйцэтгэх засаглал тогтвортой ажиллана.
 
Одоо бол Ерөнхий сайд болон кабинетийн гишүүд маань УИХ-ын гишүүдийн нээнтгэн дор ажиллаж байна. Өөрийнх нь тендерийг, бизнесийг дэмжихгүй бол, хүмүүсийг нь ажилд авахгүй бол огцруулна шүү гээд л суучихна. Хувийн сонирхол нь зөрчигдсөн хэдэн гишүүн нийлж гарын үсэг зураад л огцруулна. Харин АИХ-аас томилогдсон Ерөнхий сайд бол кабинетээ өөрөө бүрдүүлж, ажлаа зоригтой явуулах, сайдууддаа өөрөө хариуцлага тооцоод явах боломжтой.
 
Базаад хэлэхэд хамгийн гол ач холбогдол нь цөөхөн улс төрчид, олигархуудын бүлэглэл төрийн нэрээр халхавчлан нийгмээ сорж мөлжиж байдаг, ард түмний хүсэл эрмэлзэл зөрчигдөж байдаг тогтолцоо руу яваад байгааг эцэс болгох явдал юм. Манайх шиг жижиг улсын хувьд төрийн дээд эрх мэдлийг олон хувааж, үндэсний аюулгүй байдлаа хамгаалах ёстой.
 
-Одоо байгаа далан зургааг яая гэж байхад юун 500-600 гишүүн, тэдний зардал мөнгө яах юм, танхим нь хоёр байх бодит шаардлага юу юм гэдэг асуудал гарна?
 
- Ардын их хурал бол байнгын парламент биш. Өөрөөр хэлбэл хавар намрын чуулган гээд өдөр бүр хуралдаад байхгүй. Улс орны хувь заяатай холбоотой амин чухал асуудлууд дээр хуралдаж шийдвэр гаргана. Үүнд Улсын бага хурлын (УБХ) бүрэлдэхүүнийг сонгож батлах, Ерөнхий сайдаа сонгож томилох, цаашилбал Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий аудитор, Төрийн албаны зөвлөлийн дарга зэрэг чухал албан тушаалтнуудыг сонгох бөгөөд, ингэснээр энэ албан тушаалтнууд хараат бус үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ. Манай улсын хувьд хоёр танхимтай парламент гэдэг цоо шинэ ойлголт биш.
 
1990-1992 онд ардчилсан нийгэмд шилжиж байхдаа хоёр шатлалтай парламентын тогтолцоог хэрэгжүүлсэн. Тухайн үед Монгол Улс хоёр  сая орчим хүн амтай байхад АИХ-д 430 депутат, Улсын бага хуралд 51 депутат суудаг байв. Өнөөдөр нийт хүн амтайгаа уялдуулаад үзэхээр дээд танхимыг 600 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж болохоор байгаа юм. 
 
Хоёр танхимтай парламенттай болсноор ардын эрхийг хэрэгжүүлэх танхим, хууль бодлого тогтоох танхим хоёр тусдаа болно. УБХ нь мэргэжлийн болон туршлагатай гишүүдээс бүрдсэн хууль тогтоогчдын танхим болох юм.
 
Нэг жишээ авъя. УИХ-ын гишүүн С.Жавхлан гэж байна. Энэ хүнийг шүүмжилдэг, үгүйсгэдэг нэг хэсэг байхад, дэмждэг, хамгаалдаг хэсэг байна. Шүүмжилдэг хүмүүс нь “энэ дуучин хууль, эрхзүй, орчин үеийн мэдлэг мэдээлэл байхгүй яаж 21-р зууны Монгол оронд хууль, бодлого тогтоох вэ дээ” гэдэг. Энэ үнэний хувьтай. Харин дэмждэг хэсэг нь “Жавхлан бол хэзээ ч олигархуудтай нэг хөнжилд орохгүй, тусгаар тогтнол, үндэсний эрх ашгийнхаа төлөө явна, луйварчидтай үзэж, биднийг төлөөлж чадна” гэдэг. Энэ ч бас үнэний хувьтай байх. Тэгэхээр одоогийн УИХ бол хоёр чухал үүрэг функцийг нэг дор хольчихоод байгаад асуудлын гол нь байна. Хэрэв 2 танхимтай болвол С.Жавхлан АИХ дээрээ ард түмний эрхийг хэрэгжүүлээд, ердийн үед уран бүтээлээ хөөгөөд л явна.
 
Томоохон аж ахуй эрхэлдэг бизнесмэн хүн АИХ-д хувийн хэвшлийн дуу хоолой болж дуугарчихаад, ердийн үед аж ахуйгаа хөтөлж, олон хүнээ тэжээгээд л явна. Заавал УИХ-ын гишүүн болдог шиг ажил албаа өгөөд байх шаардлага байхгүй. Төр дэх хөдөлмөрийн хуваарилалт буюу засаглалын хуваарилалт үүснэ. Дээрээс нь эрх мэдлийн хэт төвлөрөл саармагжих учраас эрх мэдлийн төлөөх улайрал, хавтгайрсан мөнгөний сонгууль байхгүй болох ёстой. 
 
-Дээд танхимынхаа гишүүдийг яаж сонгох вэ. Сонгуулийн зардлын хувьд хэмнэгдэж чадах уу?
 
-АИХ-ын депутатуудаа тухайн орон нутагт амьдардаг хүмүүсээс сонгоно. Одоо орон нутгийн иргэдийг төлөөлж УИХ-д гарч ирсэн хүмүүс бүгд л Улаанбатар хотод ялангуяа Зайсанд амьдарч байгаа шүү дээ. Үүнээс болж орон нутаг үндсэндээ хаягдаж байна. Өнөөгийн УИХ-ын сонгуулийн тойрог бол асар их зардалтай. Бидний хүсэн хүлээсэн тулхтай, нуруутай, мэдлэг боловсролтой хүмүүс маань одоогийнх шиг тэрбум тэрбум төгрөг хаяж гишүүн болоод байж чадахгүй. Харин АИХ-ын 600 мандаттай болж жижгэрснээр сонгуулийн зардал бага тусна.
 
Жишээлбэл, сум, орон нутагтаа нэр хүндтэй хүн нь хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө танилцуулахын тулд бараг мориор тойроод л уулзалт хийчихнэ. Улаанбаатарт нэг томхон хорооноос нэг хүн харьцангуй боломжийн зардлаар гараад ирнэ. Улс төрийн шинэ тогтолцоонд шилжсэнээр бидний хүсэн хүлээдэг жинхэнэ төрийн зүтгэлтэн хүмүүс гарч ирэх боломжтой гэж харж байна. 
 
-Хоёр танхимтай парламенттай болохын тулд Үндсэн хуулиа өөрчилж таарна. Ер нь та бүхний санаачилгыг ард түмэн хэр их дэмжиж байна?
 
-Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд УИХ дээр гишүүдийн гуравны хоёрын саналыг авч байж хэлэлцэнэ. Гэтэл эрх баригчид одоогийн улс төрийн тогтолцооноосоо салахыг хүсэхгүй л болов уу. Гэхдээ ард түмэн сонгуулийн үеэр эрхээ хэрэгжүүлдэг. Хоёр танхимтай парламент байгуулах үзэл санааг тээгээд явж байгаа улс төрчдийг ард түмэн нь дэмжж УИХ-д гаргаж ирэх л асуудал. Сонгуулийн зарчмаар л бид тогтолцоогоо өөрчлөх ёстой. АИХ хөдөлгөөн байгуулагдсан цагаасаа эхлээд тодорхой эсэргүүцэлтэй тулгарсан. Ухуулах хуудас тараасныхаа төлөө хүчний байгууллагад дуудагдлаа.
 
Гэтэл ард түмэн улс төрийн өнөөгийн тогтолцоог шинэчлэхийг хүсч байна. Миний хувьд тойргийнхоо иргэдтэй хоёр шатлалтай парламентын асуудлаар хэд хэдэн уулзалт хийсэн. Манай хөдөлгөөний бусад зохицуулагч нар ч гэсэн иргэдтэй уулзаж, үзэл санаагаа танилцуулаад явахаар иргэдийн зүгээс 100 хувь дэмждэг. Зарим нэг санал нь “нарийн деталь асуудлуудаа сайн анхаарч, бодоорой. Тал бүрийн мэргэжилтнүүдийг оролцуулж өргөн хэлэлцүүлэг явуулах хэрэгтэй” гэх мэт цаанаа бол дэмжээд байдаг. Ард түмний зүгээс хоёр танхимтай парламент бүрдүүлэх санаачилгыг давалгаалан дэмжээд ирэх юм бол биелэлээ олно гэдгийг итгэлтэйгээр хэлэх байна. Ердөө цаг хугацааны асуудал. Гэхдээ хурдан шийдэх тусмаа Монгол Улс хожино. 
 
-АИХ хөдөлгөөн зөвлөлдөх уулзалт зохион байгуулна гэл үү. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
 
-АИХ анхны зөвлөлдөх уулзалтаа ирэх пүрэв гаригт буюу гуравдугаар сарын 16-нд Мэдээлэл технологийн үндэсний паркт зохион байгуулна. Нэг ёсондоо онол, практикийн хурал болох юм. Салбар бүрийн эрдэмтэн, төлөөлөгчид ирж, хоёр шатлалтай парламентын асуудлаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлнэ. Ингэснээр бид үзэл санаагаа улам зүлгэх гээд байгаа юм. Ардчилсан нийгэм бол зөвшилцөл дээр тогтдог. Гэтэл өнөөдөр том, том бодлогын төслүүдийн шийдэл гарахгүй яваад байна. Таван толгой, төмөр зам, татвар гээд олон асуудал бий. Улс орны хэмжээний бодлогууд гацаатай байдаг. Дандаа барьцаатай, хэн нэгэн өөрийнхөө эрх ашгийг шургуулах гээд ажил явдаггүй. Ардчилал бол зөвшилцөл дээр явах ёстой. АИХ маань үндэсний хэмжээний том зөвшилцлийн танхим болно гэж харж байгаа.
 
М.Мөнхцэцэг
Эх сурвалж: "Өдрийн сонин"