sonin.mn
ТОКИО. /TASS/. Онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд Солонгосын хойгийн районд Америкийн цэргийг яаралтай төвлөрүүлэх боломжийг судлах зорилго бүхий АНУ, Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний хамтарсан "Key Resolve" команд-штабын сургуулилт эхэллээ.
 
Kyodo агентлагийн мэдээлснээр, уг сургуулилт 3 дугаар сарын 1-нд эхэлсэн "Foal Eagle" гэдэг өргөн цар хүрээтэй хээрийн сургуультай нэгэн зэрэг явагдах бөгөөд түүнд зэвсэгт хүчний бүх төрөл мэргэжлийн ангиуд оролцох юм.
 
"Foal Eagle" хээрийн сургуулийн явцад, онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд БНАСАУ-ын пуужингийн болон цөмийн баазуудад цохилт өгөх зорилготой “Шуурхай төлөвлөгөө 5015-ыг” боловсруулан сайжруулах аж. Талууд мөн пуужингаас хамгаалах сургуулилт хийх юм.
 
"Foal Eagle"-д оролцуулахаар Солонгосын хойг руу  Америкийн "Carl Vinson" нисэх онгоц тээвэрлэгч хөлөг, B-1B, B-52 бөмбөгдөгч нисэх онгоцуудыг илгээхээр төлөвлөж байна. Мөн тус сургуулилтын явцад цөмийн зэвсэг бүхий Америкийн нэг эсвэл хоёр шумбагч хөлөг онгоц нэмэгдэн ирж магадгүй юм. Эдгээрээс гадна, Америкийн талаас радарт бараг баригддаггүй, олон зориулалттай F-35B сөнөөгч-бөмбөгдөгч нисэх онгоц, "Osprey" конвертоплан болон 3,6 мянган цэргийн албан хаагч сургуулилтад оролцох ажээ.
 
О.Барс
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг