sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Ахмет Язал өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчидтэй уулзах үеэрээ, “Энэ жилээс туркийн хөрөнгө оруулалттай сургуулиудыг төгсөж буй төгсөгчдийг Туркийн Засгийн газар гэрчилгээг нь хүлээн зөвшөөрөхгүй байх шийдвэр гаргасан. Тиймээс энэ жилийн төгсөгчид тэтгэлгээр болон хувийн зардлаар Турк Улсын их дээд сургуулиудад суралцах боломжгүй" хэмээн мэдэгдлээ.
 
Элчин сайд цааш хэлэхдээ, "Гэхдээ өмнөх жилүүдийн төгсөгчид энэ шийдвэр хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, 2017 онд төгсөх төгсөгчдөд энэ шийдвэр хамааралтай. Энэ шийдвэрээс болж монгол хүүхдүүд, тэдний эцэг эхчүүдэд сөрөг үр дагаварт бүү хүрээсэй гэж бодож байна. Хоёр улсын хууль тогтоомжид нийцүүлэх тал дээр бид ярилцаж байгаа. Энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байна.
 
Бидний зорилго бол сургуулиудыг хаах биш, Фетхуллах Гюллен гэгчтэй холбоотой үйл ажиллагааг таслан зогсоох явдал юм. Сургалтын үйл явцад тухайлбал, хүний нөөц, ном товхимол зэрэгт доголдол гарсан хэрэгцээ шаардлагыг манай талаас бүрэн нөхөх бололцоотой" хэмээв.
 
Өнгөрсөн оны 7 дугаар сарын 15-нд Турк Улсад цэргийнхэн төрийн эргэлт хийх гэсэн оролдлого гарсан. Уг оролдлогыг АНУ-д амьдардаг Фетхуллах Гюллен гэгч үйлдсэн гэж үздэг. Фетхуллах Гюллен дэлхийн 100 гаруй оронд 1000 орчим сургууль байгуулж, түүгээр дамжуулж хөрөнгө босгон террорист үйл ажиллагаа явуулж байна хэмээн Туркийн талаас үзэж байгаа тул уг шийдвэрийг гаргасан гэдгийг Элчин сайд хэлж байв.
 
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг