sonin.mn
ГАВАНА. /ТАСС/. Гаити улсын хойд нутагт нэгэн автобус цувж явсан олон хүн рүү дайрч орсны улмаас нас барсан хүний тоо 38-д хүрээд байна. Энэ тухай “Nuvellist” сонин цагдаагийн  эх сурвалжийн ярьсныг иш татан мэдээллээ. Нас барсан хүмүүсийн тоог 34 гэж өмнө нь мэдээлж байсан юм.
 
Уг хэрэг өнгөрсөн ням гарагийн үүрээр Порт-о-Пренс хотоос хойд зүгт 150 км-ийн зайд орших Гоанив хотын ойролцоо болжээ. Кап-Аитьен хотоос нийслэл Порт-о-Пренс хүрэхээр явж байсан автобус эхлээд хоёр хүнийг дайрсан байна. Үүний дараа автобусны жолооч ослын газраас зугтаж явахдаа уламжлалт багт наадамд оролцож явсан орон нутгийн оршин суугчид руу хар хурдаараа дайран оржээ. Жил бүр энэ үеэр Гаитид багт наадмын улирал эхэлдэг бөгөөд хүмүүс гудамжинд гарч Гаитигийн уламжлалт хөгжим болох рара-гаар тоглон алхдаг байна. Автобус ар араасаа явж байсан багт наадмын гурван цуваа руу дайран оржээ.
 
Ослын улмаас 13 хүн шархадсан ба тэдний заримынх нь биеийн байдал маш хүнд байна. Гаитигийн цагдаа нарын мэдээлснээр, хэргийн газраас зугтсан автобусны жолоочийг баривчилжээ. Осол болсон газрын ойр хавьд байсан хүмүүс автобусны жолооч болон зорчигчдыг шатаахыг завдсан байна. Зорчигчдыг цагдаагийн хэлтсийн байранд арайхийн оруулж, хамгаалалтанд авчээ.
 
Гаити улсын Ерөнхийлөгч Жовенель Моиз амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, хэргийг мөрдөн шалгах ажиллагааг шуурхай гүйцэтгэхийг тушаалаа. 
 
Б.Мишээл
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг