sonin.mn
РОМ. /TASS/. Италийн автомашин үйлдвэрлэгч “Ferrari” концерн 3 дугаар сарын 12-ноос томоохон баяр тэмдэглэж эхэллээ. 70 жилийн өмнө алдартай “адууны жүчээ"-ний эзэн Энцо Феррари өөрийн брэндийн анхны машинаа асааж байжээ.
 
Эмили-Романь мужийн Модена районы Маранелло суурингийн гудамжинд анх туршилт хийсэн нь Ferrari-гийн орчин үеийн түүхийн эхийг тавьсан гэж компанийн хэвлэлийн албаны мэдээлэлд онцлон тэмдэглэжээ. Тэрхүү машин нь “125 S” загварын капотон дээрээ цоройж буй азарганы дүрстэй таних тэмдэгтэй байлаа.
 
Италийн алдарт нисгэгч Франко Кортезе 12 цилиндртэй хөдөлгүүртэй машинаар анх удаа 1947 оны 5 дугаар сарын 11-нд автомашины уралдаанд оролцож байжээ. Тэрбээр уг уралдаанд түрүүлж явсан боловч техникийн шалтгаанаар уралдааныг орхихоос аргагүйд хүрч байв.  Уг машины түлшний насосонд гэмтэл гарсан байна. Феррари тэр үед энэ гэмтлийг “тун их хэрэгтэй бүтэлгүйтэл боллоо" гэж хэлж байжээ. Хожим нь уг машин тэмцээнд 6 удаа түрүүлсэн юм.
 
Феррари-гийн ойн баярыг 60 оронд тэмдэглэх ба бүх арга хэмжээнүүдийн дотроос хамгийн онцгой үйл явдал бол LaFerrari Aperta загварын супер автомашины цуваа юм. Ойд зориулсан арга хэмжээнүүдийг бүгдийг нь тусгай цахим хуудсаар үзэх боломжтой ба баярын арга хэмжээ 9 дүгээр сарын 9-10-нд Маранелло сууринд өндөрлөх ажээ.
 
Энэ оны “Формула-1” уралдаанд оролцох “Ferrari” машиныг тус концерны 70 жилийн ойд зориулсан SF70H гэсэн тусгай тэмдэглэгээтэй болгосон байна. 
 
О.Барс
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг