sonin.mn
ШАНХАЙ. /ТАСС/. Хятад улсын Жөзян мужийн Жоушань хотод нарийхан их биетэй, тийрэлтэт хөдөлгүүрт “Boeing 737” загварын нисэх онгоцны угсралтын төвийн барилгын ажил энэ сарын сүүлчээр эхэлнэ. Энэ тухай Синьхуа агентлаг мэдээллээ.
 
Ийм төвийг барих талаар БНХАУ-ын дарга Си Зиньпиний 2015 онд АНУ-д хийсэн айлчлалын үеэр тохиролцсон юм. “Boeing 737” онгоцны их биеийг будах, доторх салоныг тохижуулах зэрэг угсралтын дараах ажлыг гүйцэтгэх уг төв нь  АНУ-ын “Boeing” компанийн хувьд гадаад дахь анхны салбар нь болох аж. Холбогдох гэрээнд Жөзян мужийн удирдлага, “Boeing” компани болон Хятадын арилжааны агаарын тээврийн корпораци 2016 онд гарын үсэг зурсан байна. Уг гэрээнд онгоцны эцсийн шатны угсралтын төв болон “Boeing 737” онгоцны хангамжийн төвийг барих талаар тусгасан байна.
 
Тус төвөөс гарах анхны онгоцыг 2018 оны сүүлчээр захиалагчид хүлээлгэн өгөх бөгөөд жилд 100 ширхэг “Boeing 737” онгоцыг бэлэн болгох аж. Энэ төв байгуулагдсанаар 2000 орчим ажлын байр шинээр бий болох юм.
 
Б.Мишээл
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг