sonin.mn
Улаанбаатар / МОНЦАМЭ/. Өнгөрөгч долоо хоногт Авлигатай тэмцэх газраас “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр ба төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт уулзалтыг яам, агентлаг, нийслэл, дүүргийн удирдлагуудын дунд зохион байгуулсныг бид мэдээлсэн. 
 
Тус газрын албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг өнөөдрөөс эхэлж батлагдсан удирдамжийн дагуу яам, агентлаг, нийслэл, дүүргийн төрийн байгууллагуудад ажиллаж байна.
 
Авлигатай тэмцэх газраас 2016 оны 11 дүгээр сард УИХ-аар батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлах, хөтөлбөрт тусгагдсан зарим үйл ажиллагааг эхлүүлэх зорилгоор 21 аймагт ажилласан бол энэоны эхнээс төрийн байгуулагаас үйл ажиллагаа эхэлж байгаа юм. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг яам, агентлаг, нийслэл, дүүргийн төрийн байгууллагын албан хаагчдад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, яам, агентлагийн дэргэд болон нийслэл, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах юм. Мөн  иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах, авлигын эрсдэлийн үнэлгээ хийх зэрэг ажлуудыг зохион байгуулна гэж АТГ-аас мэдээллээ.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг