sonin.mn
СИНГАПУР./TASS/. Ким Жөн Намын цогцсонд шүүх эмнэлгийн бүрэн шинжилгээ хийж дууссаны дараа хотын цогцос хадгалах газарт хүргэсэн ба ар гэрийнхэн нь уг цогцсыг гурван долоо хоногоос илүүгүй хугацаанд ирж авах ёстой гэж Малайз улсын Эрүүл мэндийн сайд Субраманиам Сатхасивам мэдэгджээ.
 
“Түүний эхнэр, хүүхэд нь байдаг гэдгийг бид мэднэ, одоо нэгэнт түүний цогцост шаардагдах шинжилгээг хийж дууссан болохоор Ким Жөн Намын гэр бүлээс ойрын хугацаанд хариу өгнө гэж бодож байна” гэж сайд хэллээ. Малайзын албаныхан “хоёроос гурван долоо хоног” хүлээхэд бэлэн байна гэж тэрбээр тодруулсан ба хэрвээ энэ хугацаанд албан ёсны хүсэлт ирэхгүй бол цаашид хэрхэхийг засгийн газрын холбогдох яамд хамтран шийдэх болно хэмээн сайд тайлбарлажээ.
 
Хэдхэн хоногийн өмнө Малайзын Эрүүл мэндийн дэд сайд Хилми Яхая хэлэхдээ, Ким Жөн Нам-ын цогцсыг Малайзын нутаг дэвсгэрт чандарлаж магадгүй гэж байв.
 
О.Барс
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг