sonin.mn
МОСКВА. /TASS/. Францын рок дуучин Жонни Холлидэй хавдраар өвчлөөд хэдэн сар болж байгаа ба одоо эмчилгээ хийлгэж байгаа ажээ. Энэ тухайгаа лхагва гарагт Холлидэй Twitter-тээ дурдсан байна.
 
“Миний эрүүл мэндийн талаар санаанаасаа зохиосон энэ олон зүйлийг хараад гайхширч байна....” хэмээн тэрбээр бичжээ.
 
“Тийм болохоор, одоо миний бүх юм сайн байгаа, миний бие тун сайн байна гэдгийг би батлан хэлж байна. Хэдэн сарын өмнө миний биед хавдрын эс байгаа нь илэрсэн, тиймээс би одоо эмчилгээ хийлгэж байгаа. Миний итгэлийг даах тун сайн мэргэжилтнүүд намайг эмчилж байна. Одоогоор миний амь насанд аюул учруулахаар зүйл огт байхгүй” гэж тэрбээр өгүүлсэн байна.
 
Дуучин төгсгөлд нь “тайзан дээр удахгүй эргэн уулзатлаа түр баяртай” гэжээ.
Холлидэй бол Франц оронд тахин шүтэгддэг од дуучин юм. Түүний урын санд хэдэн зуун рок дуу байдаг бөгөөд тэдгээрээс хамгийн шилдгүүд нь Францын поп хөгжмийн бүхэл бүтэн эринийг бүтээжээ. Дуучны концертууд ямагт амжилттай болдог төдийгүй түүний цомгууд нь дэлхий даяар нийт 110 сая ширхэг борлогдсон байна.
 
О.Барс
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг