sonin.mn
Жордан Кушминдерийн уугуул нутаг Канад улс газрын тос болон байгалийн хийн олборлолтоор дэлхийд дээгүүр бичигддэг. Тэрээр өөрийн орондоо болон дэлхийн бусад улсуудад өрнөж буй газрын тосны хайгуул, олборлолтын бүс дэх нутгийн уугуул иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд зөвлөгөө өгөх чиглэлээр 10 гаруй жил ажилласан туршлагатай.
 
Дэлхийн 20 гаруй улсад газрын тосны чиглэлээр ажилласан, хараат бус уул уурхайн зөвлөх юм. Түүнтэй Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс зохион байгуулсан орон нутгийн хөгжлийн гэрээний ойлголтын талаарх сургалтын үеэр Монголд ирээд байхад нь уулзаж, ярилцсан юм.
 
-Та газрын тосны чиглэлээр дэлхийн олон оронд ажилласан туршлагатай. Дэлхийн газрын тосны салбарын хөгжлийн талаар сүүлийн үеийн мэдээлэл өгөхгүй юу?
 
-Сүүлийн жилүүдэд газрын тосны үнэ буурснаас газрын тосны компаниуд томоохон со­рилттой тулгарч байгаа. Газрын тосны үнэ буу­рахаар компаниудын  орлого багасдаг учир тэд зардлаа бууруулах үйл явц сүүлийн үед өрнөж байна. Газрын тосны компаниудын хувьд олон шинэ сорилтууд тулгараад ирэхээр эргэлзсэн байдалд энэ салбар оршиж байна. Шинээр төсөл эхлүү­лэхгүй, хайгуул хийхгүй, хуучинсаг байд­лаар үйл ажиллагаагаа үр­гэлж­лүүлэх хандлагатай байна.
 
-Канад улсын газрын тосны салбар олон жилийн түүхтэй байх аа?
 
-Канадад газрын тосны анхны илэрц 1800 оны сүүлч 1900 оноос эхэлсэн. Газрын тос илэрснээс хойш энэ салбар маш хурдтай хөгжсөн. Хайгуул, олборлолт Альберта мужид төвлөрдөг. Альберта мужийн Калгари хот бол газрын тос олборлолтын өлгий нутаг гэж үзэж болно. Сүүлийн үед Бритиш Колумбиа муж газрын тосоор баялаг болоод байгаа. Тэрнээс гадна далайн эргээс газрын тос олборлох үйл явц эрчимтэй явагдаж байна.
 
-Уул уурхай, тэр дундаа газрын тосны салбарын нөлөөлөл орон нутаг, нутгийн уугуул иргэдэд ихээхэн хамаатай. Энэ асуудлыг Канад улс хэрхэн зохицуулдаг вэ?
 
-Канадын баруун хэсэгт хоёр том бизнесийн салбар байдаг. Нэг нь газрын тос, байгалийн хийн салбар. Нөгөө нь ойн аж ахуйн салбар юм. Канадын уугуул иргэд Засгийн газар, газрын тосны компаниудтайгаа харилцах үйл явц сүүлийн 20 жил идэвхжсэн. Учир нь уугуул иргэдийн хувьд 1800-аад оны үед Засгийн газартай хийсэн гэрээ байдаг. Өөрөөр хэлбэл, Засгийн газар бол тухайн газрыг эзэмшинэ.
 
Өөрсдийнхөө амьжиргаанд зориулаад газрын ашиглах эрхийг уугуул иргэд ашиглана гэсэн заалттай гэрээ байдаг. Газрын тос, байгалийн хийн компаниуд уугуул иргэдийн амьдардаг газраас олборлолт хийж эхлэхэд амьжиргаанд нь нөлөөлдөг. Өмнөх хуулиар бол уугуул иргэдийн амьжиргаанд зориулж газар эзэмших эрх нь байдаг. Тиймээс Канадын хуулиар тусгай заалт бий. Уугуул иргэдийн амьжиргаанд нөлөөлөх шийдвэр гаргахдаа заавал уугуул иргэдтэй зөвшилцөж хэлэлцэнэ гэсэн шаардлага байдаг.
 
Ер нь олон нийтийн зүгээс уул уурхай, газрын тосны үйл ажиллагааг эсэргүүцдэг үндсэн гурван шалтгаан байдаг. Нэгдүгээрт, газар, хоёрт ус, гуравт итгэл даах байдал гэж үздэг. Өөрөөр хэлбэл, газрын тосны хайгуул, олборлолт газар, усанд нь нөлөөлж байгаа. Түүнчлэн тухайн компани үйл ажиллагаа явуулахдаа сайн санааны үндсэн дээр явуулж байгаа гэдэг итгэл иргэдэд бий болж өгдөггүй. Миний бодлоор энэ гурван шалтгаан дэлхий даяар түгээмэл байдаг.
 
-Газрын тосны хайгуул, олборлолт байгаль орчинд хэрхэн нөлөөлдөг вэ?
 
-Ерөнхийдөө хайгуулын ч бай ямар ч үйл ажиллагаа байгаль орчинд нөлөө үзүүлдэг. Тухайн нөлөө нь хэр ноцтой байна гэдэг нь гол асуудал. Тиймээс ноцтой эсэхийг тодорхойлох ёстой. Нөлөөгүй байна гэсэн ойлголт байхгүй. Хоёрдугаарт, компани хайгуулдаа ямар төрлийн технологи ашиглаж байгаагаас үзүүлж байгаа нөлөөлөл нь өндөр байгаа эсэх нь шийдэгдэнэ.
 
Жунглийн бүсэд гэхэд нисдэг тэрэгнээс өрөмдлөг хийх арга байдаг. Энэ бүс бол цэвэр ойн бүс. Тэгэхээр нэг жилийн дараа өрөмдлөгийн хэсэг  ямар ч нүх үлдэхгүй, нөхөн сэргээгддэг. Гэтэл Арктик ч юм уу, цөлийн бүсэд газрын тосны хайгуул, олборлолт хийхэд өрмийн машин ачсан ачааны машин явж таарна. Өрөмдлөг хийсний дараа магадгүй 10, 20 жилийн дараа машины зам мөр, үүссэн зам нь нөхөн сэргээгдэх боломжтой. Ямар бүсэд хаана хийж байгаагаас хамаарч нөлөө­лөл шалтгаална. Дээрээс нь тухайн орон ну­тагт ямар зэрлэг ан амьтан байна уу гэдэг нь бас нөлөөтэй. Их хэм­жээний дуу гарахад ан амьтад үргэж зайлна гэх мэт.
 
-Гол, нуурын ай савд газрын тосны хайгуул хийхэд тухайн гол, мөрөнд ямар нэгэн нөлөөлөл үзүүлэх үү?
 
-Би зурж тайлбарлая. Нуур энд /нуур тэмдэглэв/ байлаа гэж бодъё. Өрөмдлөгийг ойролцоо хийлээ. Гол асуудал нь өрөм нуур хоёрын хооронд хэр зай байгаа нь чухал биш. Газрын доорх усны урсац, газрын давхарга нь ямар байна гэдэг нь гол асуудал. Элсэрхэг бүтэцтэй бол нуур өрөмдлөгөөс болж бохирдох эрсдэлтэй. Энэ завсар үл нэвтрэх хатуу чулуулаг шавар бүтэцтэй бол нөлөөлөхгүй. Нөгөө талаар технологийн хувьд хариуцлагатай өрөмдлөг хийж болно. Канадад өрмийг давхарга доторлогоотойгоор нууран дээрээ ч өрөмддөг. Гол нь газрын гүнд шингэн нэвтрүүлэхгүй давхарга л байх ёстой.
 
-Олон улсад газрын тостой холбоотой үйл ажиллагаа, гэрээ хэлцэл нь хэр нээлттэй байдаг вэ. Тухайлбал, ард иргэдэд компани, төрийн зүгээс ямар мэдээллийг ил болгох ёстой вэ?
 
-Үндсэндээ тухайн газар нутаг дээр нь юу байгааг мэдэх эрх нь олон нийтэд байгаа. Тиймээс тэр эрхийг нь хангахын тулд иргэдэд хангалттай мэдээллийг хүргэх ёстой. Өөрөөр хэлбэл, иргэд нутаг оронд нь юу болох гэж байгаа, яагаад уул уурхай явуулах болсон, ямар эрсдэл тулгарч байгааг мэдэх эрхтэй учраас эрхийг нь хангахын тулд мэдээлэл өгч байх ёстой.
 
-Уул уурхайн компаниуд орон нутагтай байгуулдаг орон нутгийн хөгжлийн гэрээ гэж бий. Манай улсын хувьд энэ гэрээ зарчим, зорилготойгоо нийцдэггүй, үр дүн нь ч хангалттай байж чаддаггүй. Тиймээс юун дээр анхаарах ёстой вэ?
 
-Олон улсад газрын тосны компани, тухайн орон нутгийн уугуул иргэд хоорондоо гэрээ хийдэг. Түүнийг Засгийн газар тодорхой хэмжээгээр хянана. Монголд бол арай өөр юм байна. Компани, тухайн орон нутгийн Засаг дарга хоёр гэрээ хийдэг. Гэрээнд аль шатыг хамруулж байгаагаас шалтгаална. Хайгуулын шатандаа байна уу, бүтээн байгуулалтын шатанд уу. Эсвэл үйлдвэрлэлийн шатанд байгаагаас хамаарна.
 
Тэгэхээр нөгөө компани хайгуулын шатанд байгаа бол нэвтрэх гэрээ хэрэгтэй. Үндсэндээ энэ компани манайд орж ирээд хайгуулын ажлаа хийж болно гэсэн гэрээ. Дотор нь янз бүрийн заалт байж болно. Заалтууд нь төслийн хэмжээнээс хамаарна. Том төсөл бол том шаардлага тавиг­дана гэсэн үг. Гэрээнд зохих хууль тогтоомжид нийцсэнийг баталгаажуулах, байгаль орчинд ээлтэй, нийгэмд үзүүлэх нөлөөлөлтэй хол­боотой асуудлыг тусгана. Хэрэв боломжтой бол эдийн засгийн асуудлыг ч оруулах ёстой. Санхүүгийн шаардлага гэсэн үг.
 
-Уул уурхайн хайгуул, олбор­лолтын талаар нутгийн уугуул иргэд байр сууриа илэрхийлж, цаашилбал үйл ажиллагааг зогсоох хүртэл эсэргүүцэх боломж олон улсын жишигт хэр байдаг бол?
 
-Мэдээж иргэд өөрс­дийнхөө санаа зовж буй асуудлаар үзэл бодлоо илэр­хийлэх эрх нь нээлттэй. Канадад нэг ийм систем байдаг. Бүх канад иргэдийн ашиг со­нир­холд нийцсэн байх зарчим гэж. Нэг орон нутгийн иргэд гэхээс илүү бүх иргэдийг хамар­сан асуудал.
 
Нөгөө талаар олон нийтийн амь­жиргааг эргэн сэргээгдэх, сөрөг нөлөө үзүүлж болохгүй гэдэг зарчим бий. Энэ хоёрын дундах тэнцлээр хангаж уул уурхай явуулах ёстой. Улс эх оронд энэ төсөл ямар үр өгөөжтэй вэ. Нөгөө талаар ард иргэдэд хэр их нөлөөлөл үзүүлэх вэ гэсэн үг. Нөлөөллөө ч бага үзүүлж, улсад ашгаа өгч байх тэнцлийн цэгийг олох ёстой. Иргэд бол мэдээж дуу хоолойгоо хүргэж болно. Хамгийн гол нь эцсийн дүндээ энэ тэнцлийг олсон байх хэрэгтэй.
 
Б.Энхзаяа
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин