sonin.mn
Пак Гын Хэ огцорлоо. Түүнийг огцорсон ч эсэргүүцлийн жагсаал нь намжсангүй. Бүр хоёр хуваагдаад өргөн хүрээтэй болж ирэв. Солонгосчууд Пак Гын Хэ-г хуулийн хариуцлага хүлээх ёстой гэж байгаа ажээ.
 
Ард түмэн нь нэгэнт ингэж байгаа бол хуулийн байгууллагынхан нь, ялангуяа Солонгосын прокурорууд шалгаад, гэм буруутай бол хариуцлага хүлээлгэж таарна.
 
2016 оны аравдугаар сард Пак Гын Хэ-гийн асуудал сөхөгдөж, солон­госчууд жагсаж эхэлсэн. Таван сарын дараа Ерөн­хийлөгч Пак Гын Хэ огцорсон нь энэ.
 
Пак Гын Хэ-г төрийн нууц задруулсан, авлигын хэрэгт холбогдсон гэсэн үндэс­лэлээр буруутгаж байгаа юм. Түүний найз эмэгтэй Чой Сүн Шилийг баривчлан хорьж, “Сам­сунг”-ийн захирал Ли Чё Ён-ыг бүтэн 22 ца­гийн турш байцаасан ту­хай дэлхий шуугиж байна.
 
Ерөөс БНСУ-ын проку­рорууд улсынхаа Ерөн­хийлөгчийг буруут­ган шалгаж, улмаар түүн­тэй хамт Солонгост байту­гай, дэлхийд тэргүүлэх “Самсунг” компанийн захирлыг саатуулан ба­рив­чилсан, олон цагаар бай­цаасан зэрэг нь олон ул­сын анхаарлыг татаж байгаа юм.
 
“Самсунг” компанийн тухайд Солонгос улсын жирийн нэгэн компаниас маш том хүчирхэг, олон улсад тэргүүлэх, дэлхийд Азийн хамгийн алдартай брэндийг нэвтрүүлж чадсан компани болж чадсан юм. “Самсунг”-ийн салбар компани болох “Самсунг Электроникс” компани нь дэлхийд электрон барааны үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг. Өнөөдөр  “Самсунг” группийн орлого 1987 онтой харьцуулахад 39 дахин илүү гарч байгаа ба тус компани нь Солонгос улсын ДНБ-ий 20 хувийг бүрдүүлж байна.
 
“Самсунг” групп нь “Самсунг Электроникс”-оос гадна, “Самсунг”-ийн хүнд аж үйлдвэрийн машин, механизм үйлдвэрлэгч компани нь дэлхийн хамгийн сайн усан онгоц үйлдвэрлэгч компанид тооцогдог. “Самсунг Инженеринг”, “Самсунг Техвин”, “Самсунг Амьдралын Даатгалын компани” нь дэлхийд амьдралын даатгалын салбарт 14-т ордог. “Самсунг Эвэрланд”амралтын газар, парк зэрэг илүүтэйгээр амралтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. “Чел Ворлд” сурталчилгааны компани нь дэлхийд 19-д бичигддэг. Ер нь “Самсунг” групп нь Солонгос улсын эдийн засаг, хөгжил, улс төр, хэвлэл мэдээлэл, соёл урлагт томоохон нөлөө бүхий компани юм. Тус компани цаашид ч технологийн дэвшилд тасралтгүй шинэ шинэ зүйлсүүдийг нэвтрүүлэн ажиллах болно гэдгийг баталж 2016-2017 онд 10 нано метрийн чип үйлдвэрлэхийг зорин ажиллаж байгаа ажээ.
 
Чухамдаа Пак Гын Хэ БНСУ-ын Ерөнхийлөгч, Ли Чё Ён “Самсунг” компанийн захирал байгаа нь БНСУ-ын прокуроруудын хууль биелүүлэхэд огт саад болохгүй байгаа нь хөндлөнгөөс харахад гайхалтай байгаа юм. Ялангуяа монголчууд бидэнд бол алмайрмаар үйл явдал юм. Алмайрч гайхаад байгаа нь ч аргагүй юм л даа.
 
Уг нь бид Үндсэн хуульдаа “...хэнбугай ч хуулийн өмнө тэгш эрхтэй” гээд заачихсан. Гэхдээ амьдрал энэ хэзээ ч хэрэгждэггүй юм.
 
Одоогоос сарын өмнө УИХ-ын гишүүн асан Г.Уянга Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг АТГ-т шалгуулахаар хандлаа. Шалтгаан үндэслэл болгож ирийтэл жагсаагаад өгсөн баримт нь бол сүртэй эд байна. Оюутолгойн гэрээ, түүнээс хойшхи хугацаанд болсон “үйл явдлууд”-ын талаарх мэдээлэл бололтой юм.
 
Энэ үйл явдалд Г.Уянгыг буруутгах аргагүй. Гэхдээ эрхэм гишүүн байсан хүн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахад хэдхэн сар үлдсэн энэ үед, өөрөө УИХ-ын гишүүний бүрэн эрхээ алдаж, “гудамж”-д гарсан хойноо, цаг хугацааны хувьд нэлээд хэдэн жилийн өмнөх асуудлыг тавьжээ. Яг үнэндээ өөрийнх нь урьд өмнө ярьж л байсан зүйлүүд байгаа юм. Уг нь тэр үнэхээрийн шударга ёсыг тогтооё, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж авлига авчих шиг боллоо гэж иргэний ухамсарын үүднээс бодож шийдсэн бол аль эрт, ядаж УИХ-ын гишүүн байхдаа АТГ-т хандах байв. Гэвч тэр тэгээгүй. Тийм бяртай байхдаа өгсөн бол АТГ Ерөнхийлөгчийг шалгаад явчих ч байсан юм билүү, хэн мэдлээ. Харин одоо АТГ Ерөнхийлөгчийг шалгана гэдэг юу л бол. Дээрээс нь энэ Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахад хэдхэн сар үлдсэн. Бүтэхгүй гэсэн үг.
 
Харин эрхэм Ерөнхийлөгч ч шалгуулах байтугай акц зохион байгуулж, ард түмнээс 10 онооны 8-9 оноогоор үнэлүүлж магтуулаад л тууж явна.
 
Мартын 8-ны өмнөхөн бие нь муудаж, баларсан хоёр хүнийг шүүхийн шийдвэрээр Урьдчилан хорих төвөөс суллалаа. УИХ-ын гишүүн байсан Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд байсан Н.Батбаяр хоёр Хөгжлийн банкаар дамжсан бондын хөрөнгийн зарцуулалттай холбоотойгоор саатуулагдсан юм. Уг нь энэ хоёр эрхмийн тухай дөнгөж өчигдөр биш, хаа байсан гурван жилийн өмнө хэвлэлүүд ч , Хөгжлийн банкийг шалгасан ажлын хэсгийнхэн ч хэлээд л байсан. Яг одоо буруутгаж байгааг л хэлж байв. Тэр үед тоогоогүй. Мань хоёр гишүүн ч, эрх баригчид ч “...Хуц” гэж байв. Гэтэл өнөөдөр нөгөө асуудлаараа ачигдаад явж байна. Хэрэв зээ тухайн үед хорьж, цагддаггүй юм гэхэд буруутайг нь С.Баярцогт шиг хүлээлгээд дараа дараагийнх нь үйлдлийг хазаарласан бол өнөөдөр Хөгжлийн банкны “цоорхой”-гоор гоожсон мөнгөний хэмжээ бага л байх байв.
 
Нөгөө талаар, хэн эрх барина, түүний үгээр хэнийг ч хамаагүй чирж аваачаад “хар гэр”-т хорьдог хуулийн байгууллагынхан маань тун чиг өрөвдөлтэй байгаа юм. Одоо тэднийг хүмүүс ойлгодог болчихож. “...Яахав, нөгөөх нь тушаасан биз” л гэнэ.
 
Гэхдээ хуулиараа бол АТГ, ЦЕГ, ТЕГ, шүүх, прокурорт бүх эрх мэдэл нь бий. Солонгосын прокурорууд “Самсунг”-ийн захирлыг 22 цаг байцаагаад “...Ажлаа сайн хийлээ” гэж магтуулж байхад Н.Алтанхуягийг ердөө таван цаг байцаасан АТГ-ын байцаагч “...Дараа нь юу болох бол” гээд айж суугаа байх. Уг нь тэд ердөө л ажлаа хийсэн. Гэхдээ ингэж хэлүүлэхгүй, айхгүй байхын тулд цагийн юмыг цагт нь л хийж сурах хэрэгтэй байгаа юм. Яг солонгосууд шиг.
 
Өнөөдөр шалгаад байгаа Н.Алтанхуяг, Х.Баттулга, Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг дөрвөн жилийн өмнө шалгах нөхцөл нь бүрдээд л байсныг түүх, баримт нотлоод байгаа юм. Гэвч тэгэхгүйгээр буусан хойно нь, албан тушаалаа өгснийх нь дараа хуулиар шалгадаг жишиг нэгэнт тогтож байх шиг байна. 2020 оны сонгуулиар МАН өвдөг шороодвол өнөөдөр дарга хийж байгаа дарайсан нөхдүүд  бөөн бөөнөөрөө АТГ-ын үүдийг сахина гэсэн үг.
 
Эндээс үзэхүл Солонгос ба Монголын хооронд ганц л ялгаа харагдаж байна. Солонгосчууд авлигын үнэр л авбал “...Хап” гээд л бариад авна. Харин манайд сонгуульд ялагдаж, албан тушаалаа өгөхийг нь хүлээнэ.
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж:"Зууны мэдээ" сонин