sonin.mn
ЗАИР./VOA/.Өнгөрсөн ням гарагт хулгайлагдсан Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс /БНАКУ/ дахь НҮБ-ын хоёр мэргэжилтэн сураггүй хэвээр байна гэж тус улсын Мэдээлэл харилцаа холбооны сайд Ламберт Менде даваа гарагт мэдэгдсэн байна.
 
АНУ-ын иргэн Майкл Шарп, Швед улсын иргэн Захида Каталин нар Төв Касай мужид байсан бөгөөд тэднийг дөрвөн конго иргэн дагалдан явж байжээ.
“Засаг захиргааны болон аюулаас хамгаалах хүчнийхэн хулгайлагдсан хүмүүсийг чөлөөлөх талаар MONUSCO /БНАКУ дахь Байдлыг тогтворжуулах НҮБ-ын хөтөлбөр/-той хамтран ажиллаж байна. 
 
Сайд Л.Менде-гийн мэдээлснээр, БНАКУ-ын аюулаас хамгаалах хүчнийхэн бүтэн өдрийн турш нисдэг тэрэг ашиглан олзлогдсон байж болох зургаан хүнийг хайсан боловч байгаа газрыг нь тогтоож чадаагүй ажээ.
 
Нисдэг тэргээр эрэн хайх ажиллагаа мягмар гарагийн өглөө дахин эхлэх юм. 
Хэдийгээр БНАКУ дахь НҮБ-ын хоёр ажилтан сураггүй хэвээр байгаа боловч боломжит бүх аргыг ашиглан тэднийг эрэн хайж олох болно гэж НҮБ мэдэгдлээ. 
 
Х.Сарнай
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг