sonin.mn
ВАШИНГТОН. /BBC/. “АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп жилийн цалингаа буяны үйлсэд хандивлана” гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер мэдэгдлээ. Трампын нэг жилд авдаг цалингийн хэмжээ 400 мянган ам.доллар юм.
 
Спайсерын хэлснээр, цалингаа чухам юунд хандивлахыг шийдэхэд нь өөрийг нь байнга шүүмжилдэг Цагаан ордны сэтгүүлчид тусална байх хэмээн Д.Трамп найдаж байгаа аж. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Д.Трамп ярихдаа, Ерөнхийлөгч болбол цалингаа авахгүй, эсвэл хуулиар тогтоосон цалингийн хамгийн доод хэмжээ болох 1 ам.доллар авна гэдгээ мэдэгдэж байсан юм.
 
Бизнесийн салбарт удаан хугацаанд ажилласан хэрнээ буяны үйлсэд мөнгө барагг хандивлаж байгаагүй гэж түүнийг шүүмжилж байсан юм. “Forbes” сэтгүүл 2016 онд Д.Трампын хөрөнгийг 3,7 тэрбум ам.доллар гэж үнэлжээ.
 
АНУ-ын Ерөнхийлөгч нарын дотроос Герберт Гувер, Жон Кеннеди нар өөрсдийн цалингаа буяны үйлсэд зориулан хандивлаж байв.
 
Б.Мишээл
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг