sonin.mn
НҮБ. /TASS/. БНАСАУ-ын иргэн Ким Жөн Намын амийг Малайзад хөнөөсөн хэргийг АНУ, Өмнөд Солонгосын эрх баригчид бүр анхнаас нь зохион байгуулсан, түүнийг хордуулсан гэх VX бодисыг Америкийн химийн зэвсгийн нөөцөөс авсан байж болзошгүй гэж НҮБ-д суугаа БНАСАУ-ын Байнгын төлөөлөгчийн орлогч Ким Ин Рён мэдэгдлээ.
 
"Энэ хэрэг бол БНАСАУ-ын нэр хүндийг харлуулж, тус улсын нийгмийн байгуулалтыг нураахад чиглэсэн АНУ, Өмнөд Солонгосын эрх баригчдын ухвар мөчид үйлдлийн үр дагавар юм” гэж НҮБ-ийн Төв байранд болсон хэвлэлийн хурлын үеэр Умард Солонгосын дипломатч хэлжээ.
 
Түүний хэлснээр, Ким Жөн Намын үхлийн шалтгаан эцсийн байдлаар бүрэн тогтоогдоогүй байгаа энэ үед Вашингтон, Сөүл хоёр “хохирогчийг мэдрэл саажуулагч маш хортой VX гэдэг бодисоор хордуулсан" хэмээн БНАСАУ-ыг үндэслэлгүйгээр буруутгасаар байгаа ажээ.
 
“Ингэх нь хэнд ашигтай болохыг нялх хүүхэд ч ойлгоно, эдгээр дүгнэлт нь учир утгагүй, шинжлэх ухааны үндэслэлгүй, логиктой зөрчилдөж байна” гэж Ким Ин Рён онцлон тэмдэглэжээ. Хүн амины хэрэгт холбоотой гэгдэж буй этгээдүүд үхлийн аюултай VX бодисонд хордоогүй нь хачирхалтай байгаа юм гэдгийг тэрбээр мөн онцлон дурджээ.
 
“АНУ-ын Өмнөд Солонгост цэргийн асар их нөөц хүчтэй, энд химийн зэвсэг байдаг гэдэг нь тодорхой болсон зүйл. Тэгэхээр иймэрхүү бодисыг Өмнөд Солонгосоос оруулж ирсэн байх магадлал өндөр. VX-ийг АНУ-аас гадна ердөө хэдхэн улс үйлдвэрлэдэг” гэдгийг Ким Ин Рён дурдсан байна. Түүний дүгнэн хэлснээр, энэ бүхэн нь Пхеньянд дарамт шахалт үзүүлэх, мөн “ямар ч үнээр хамаагүй БНАСАУ-ын эсрэг цөмийн дайн өдөөх” гэсэн оролдлогын нэг мөн ажээ.
 
О.Барс
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг