sonin.mn
СТОКГОЛЬМ./BBC/. Швед улсын эрдэмтэд тус улсын 1,5 сая иргэдийн амьдралыг судалсны үндсэн дээр "хүүхэдтэй хүмүүс илүү урт насалдаг" гэсэн дүгнэлтэнд хүрчээ.
 
Судлаачид 1911-1925 оны хооронд төрсөн, 60 насалсан хүмүүсийн наслалтыг судалснаар, дор хаяж нэг хүүхэдтэй байсан хүмүүс хүүхэдгүй хүмүүсээс урт насалж байсныг тогтоожээ.
 
“Journal of Epidemiology & Community Health” сэтгүүлд нийтлэгдсэн уг судалгаанд дурдсанаар “60 наснаас хойш цааш амьдрах хугацаа нь хүүхэдтэй эрэгтэй хүмүүсийн хувьд 2 жил, хүүхэдтэй эмэгтэй хүмүүсийн хувьд 1,5 жилээр илүү урт /хүүхэдгүй эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдтэйш харьцуулахад/ байсан. Харин 80 наснаас хойш хүүхэдтэй эрэгтэй хүний цааш амьдрах хугацаа нь дунджаар 7 жил 8 сар байдаг бол хүүхэдгүй эрэгтэйчүүдийнх 7 жил байдаг. Эмэгтэй хүмүүсийн хувьд энэ хугацаа хүүхэдтэй бол 9 жил 6 сар, хүүхэдгүй бол 8 жил 11 сар байдаг” ажээ.
 
Судалгаагаар “хүүхэдтэй байх нь урт наслахын гол түлхүүр” гэж нотлоогүй юм. Харин хүүхдүүд нь эцэг эхдээ санхүүгийн болон бусад тусламж үзүүлдэг нь илүү урт наслахад нь нөлөөлдөг байна. Нөгөөтэйгүүр, хүүхэдгүй хүмүүс нь дор хаяж нэг хүүхэдтэй хүмүүстэй харьцуулахад эрүүл бус амьдралын хэв маягтай байдаг нь наслалтад нөлөөлдөг ажээ.
 
Б.Мишээл
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг